М.Адилсайхан: Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эм,  багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж тасалдсан

М.Адилсайхан: Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эм, багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж тасалдсан

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл өнөөдөр /2026.02.16/ олон нийтэд хандан мэдээлэл хийж, эмнэлгийн удирдлага ойр ойрхон солигдож буй нь тусламж үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн хэвийн ажиллагаанд нөлөөлж байгаа талаар ярилаа.

Энэ үеэр Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан “Манай эмнэлэг өдөрт 1200 гаруй хүнд амбулаторийн тусламж үзүүлж, 24 цагийн яаралтай тусламжаар 70 гаруй иргэнд үйлчилж, хоногт 60 орчим мэс засал хийж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд дарга нар ойр ойрхон солигддог болсон. Уг нь бодлого шийдвэрийн хүрээнд дөрвөн жилд нэг солигдох зарчимтай. Гэтэл одоо бүр худалч хүнд 7 хоногтоо гурав солигдох нь холгүй байна. Үүнд хэт улс төржилт, ашиг сонирхолын зөрчил нөлөөлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэлгүй болсон шалтгаан нь өмнөх удирдлага 2025 оны сүүлээр ажлын хэсэг байгуулаад дараагийн тендер зарлагдах хүртэл шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоог аваад худалдан авах шийдвэр гаргасан ч дараагийн удирдлага ирэнгүүтээ түүнийг нь болиулсан. Төд удалгүй дараагийн удирдлага ирснээ энэ худалдан авалтыг хийхгүй гэсэн. Үүнээс болоод дурангаар хийх хагалгааг хүний хэвлийг зүсэж хийхэд хүрсэн. Өнөөдөр улсын төв эмнэлэг байж компьютер томограф нь ажиллахгүй л сууж байна. Тархины цус харвалт, зүрхний шигдээстэй хүмүүс ирж байхад оношлох үндсэн төхөөрөмж нь алг” хэмээн ярилаа.

Харин Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал  О.Чойдог “Эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ шийдвэрлэдэг. Гэвч ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шийдвэр гаргаж байгаа эсэх нь асуудалтай. Зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, гадагшаа урт хугацаагаар явсан зэрэг асуудалтай байгаа. Есөн гишүүний 4 нь ТУЗ-ийн албан ёсны гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байхад тэр даргыг томил, тэр даргыг ажлаас нь чөлөөл гэсэн шийдвэр тогтоол ирээд байдаг. Гэсэн хэдий ч хурлын тэмдэглэл, зөвлөлийн гишүүд бүрэн санал нийлж шийдвэр гаргасан гэсэн гарын үсэг ирүүлээгүй” гэв.

Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажиллах хүчин чадалтай ч одоогоор 12 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нэг тасаг удаан хугацаанд засвартай байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байгаа. Гэтэл нэмээд удирдлагын тогтворгүй байдал нь эм,  багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж, зохион байгуулалтад нөлөөлж байна. Эм тариа эмнэлгийн хэрэгсэл яагаад тасалдаж байна вэ. Улс төсвөө баталж, төсвийн тухай хуулиараа төсвийн дээд хязгаараа аваад ТУЗ-өөрөө төсвөө батлуулсны дараа худалдан авах үйл ажиллагаагаа явуулдаг. ТУЗ-д төсвийг батлахтай холбоотойгоор хуралдсан. Бид саналаа хүргүүлсэн. Гэтэл үүний дараа дарга нар солигдож эхэлсэн. Бүх зүйлээ төлөвлөдөг, худалдан авалтаа хийдэг энэ үед даргын сэлгээ явагдсан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад саад бэрхшээл болж байна. ТУЗ-ийн есөн гишүүнд үндсэн эмнэлгийн төлөөлөл нь илүү багтвал цаашид эмнэлгийг авч явах хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд учраас илүү тогтвортой байх болов уу" гэлээ. 

Б.АНУ