С.Бямбадорж: Социализмын үед “Цагаан сар”-ын баярыг хорьдог байсан тул монголчууд нууцаар тэмдэглэдэг байлаа

С.Бямбадорж: Социализмын үед “Цагаан сар”-ын баярыг хорьдог байсан тул монголчууд нууцаар тэмдэглэдэг байлаа

Монголчуудын хувьд Цагаан сар нь улирлын баяр төдий бус, төр ёс, тусгаар тогтнол, үндэстний ижилслийг баталгаажуулдаг томоохон зан үйл болон төлөвшсөн түүхтэй. Гэвч социализмын жилүүдэд энэ баяр хавчигдаж, ялангуяа хот сууринд нууцаар тэмдэглэх хэмжээнд хүрч байв. Цагаан сарын түүхэн утга учир, төр ёсны шинж чанар болон социализмын үеийн бодлогын талаар МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн ахлах багш, угсаатан зүйч С.Бямбадоржтой ярилцлаа.

ВИДЕО:

“ЦАГААН САРЫН БАЯР ЧИНГИС ХААНЫ ҮЕЭС ТӨР ЁСНЫ БАЯР БОЛСОН”

– Цагаан сар хэрхэн төр ёсны баяр болсон бэ?

– Дэлхийн олон угсаатанд аж ахуйн мөчлөгтэй холбоотой календарийн баяр байдаг. Мал аж ахуй эрхэлдэг ард түмэн төл хүлээн авах үеэрээ, тариалан эрхлэгчид ургацынхаа дараа баярладаг. Ийм баярууд нь тухайн ард түмний амьдралын хэв маяг, цаг хугацааны ойлголтыг илэрхийлдэг. Харин Цагаан сар төр ёсны баяр болсон нь Чингис хаантай салшгүй холбоотой. 1206 онд Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр шинийн нэгний өглөө эртлэн босож ёсолсон тухай сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Энэ үеэс эхлэн Цагаан сар төрийн хэмжээнд тэмдэглэгдэх болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл, улирлын баяр төрийн бэлгэдэл болж өргөжсөн гэсэн үг. Чингис хааны үеэс Цагаан сарыг бага сард тэмдэглэдэг болсон нь гарцаагүй үнэн. Үүнээс хойш 200 гаруй жилийн дараа Манжийн дарангуйлалаас гарсан Монголчууд 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Цагаан сарыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэсэн гэдэг. Цар хүрээ, бэлэгдэлийн хувьд Цагаан сарын баяр Үндэсний их баяр наадмаас ч илүү чухал.

Х.ЧОЙБАЛСАН НАС БАРСНЫ ДАРАА ЦАГААН САРЫГ “МАЛЧДЫН БАЯР” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, ХОТ СУУРИНД ТЭМДЭГЛЭХИЙГ ХЯЗГААРЛАЖ ЭХЭЛСЭН

– Социализмын үед яагаад Цагаан сарыг хавчиж эхэлсэн юм бол?

– Социалист үзэл суртал нь үндэсний ялгарал, уламжлалыг сулруулж, нэгдмэл социалист соёл бий болгох зорилготой байсан. Зөвлөлт Холбоот Улс-аар толгойлуулсан социалист лагерьт багтсан орнууд ижил үнэт зүйл, ижил баярын системтэй байх ёстой гэсэн чиг баримжаа зонхилж байв. 1952 онд Хорлоогийн Чойбалсан нас барсны дараагаас Цагаан сарыг “Малчдын баяр” хэмээн нэрлэж, хот сууринд тэмдэглэхийг хязгаарлаж эхэлсэн. 1960 оноос “Нэгдэлчдийн баяр” гэж нэрлэн, агуулгыг нь өөрчлөх оролдлого хийсэн. Ингэснээр үндэсний баярыг анги, нийгмийн тодорхой бүлэгтэй холбож, нийт үндэстний зан үйл гэсэн шинжийг нь бүдгэрүүлэхийг зорьсон. Хотын орчинд хяналт илүү хатуу байлаа. Үүрээр золгочхоод ажилдаа явах, амралтын өдөр олон нийтийн арга хэмжээгээр давхцуулах, бүртгэлд байхгүй бол ажлын цаг тасалсанд тооцох зэрэг нь баярыг хумих бодлогын илрэл байв. Гэвч энэ нь бүрэн зогсоож чадсангүй.

"ЦАР ХҮРЭЭ, БЭЛЭГДЭЛИЙН ХУВЬД ЦАГААН САРЫН БАЯР ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ"

– Хот, хөдөөгийн нөхцөл адил байсан уу?

– Ялгаатай. Малчид тодорхой хэмжээнд баяраа үргэлжлүүлэн тэмдэглэсээр байсан. Харин хотынхон илүү хяналтад орж, нууц байдлаар золгодог байлаа. Зарим айл шинэ жилтэй хамтатган тэмдэглэж, уламжлалаа хадгалахыг оролдож байсан. Энэ бол нэг талаараа дасан зохицол, нөгөө талаараа соёлоо хамгаалах чимээгүй тэмцэл байсан гэж хэлж болно.

– Тэгэхээр Цагаан сар тасраагүй гэсэн үг үү?

– Тийм. Цар хүрээ нь хумигдсан ч тасраагүй. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа үндэсний ухамсар сэргэж, Цагаан сар жинхэнэ утгаараа олон нийтийн баяр болон эргэн ирсэн. Олон нийтийн зан үйл бол үндэстний ижилслийг батжуулдаг механизм. Үндэстэн гэдэг мөнхийн зүйл биш. Түүнийг тогтоон барьж байдаг зүйл нь цус, ген биш соёл. Соёлоо алдах нь оршин тогтнох сууриа сулруулж буй хэрэг.

– Төр ямар үүрэгтэй вэ?

– Соёлыг хамгаалах, дэмжих, бодлогоор чиглүүлэх үүрэг төрд ногдоно. Ямар баярыг дэмжих, ямар зан үйлийг хамгаалах, ямар үнэт зүйлийг сурталчлахыг төр бодлогоороо шийддэг. Социализмын үед Цагаан сарыг хавчиж байсан бол ардчиллын дараа төрийн бодлогоор сэргээж, нийтээр тэмдэглэх боломж бүрдсэн. Өнөөдөр ч гадаадын соёлын нөлөө хүчтэй байгаа энэ үед үндэсний ижилслийг бататгах бодлого шаардлагатай хэвээр байна.

 “ЦАГААН САРЫН БАЯР МОНГОЛ ХҮНИЙГ МОНГОЛ ЧИГЭЭР НЬ БАЙЛГАДАГ ҮНДЭСТНИЙ БАТАЛГАА"

– Цагаан сарын үндсэн үнэ цэнэ юу вэ?

– Цагаан сар бол өвөг дээдсээ хүндлэх, ахмад үеэсээ ерөөл авах, ураг удмаа батжуулах, тусгаар тогтнолоо санах баяр. Энэ бол “би монгол хүн” гэдгээ дахин баталгаажуулдаг зан үйл. Социализмын үед хавчигдаж, хотод нууцаар тэмдэглэгдэх хэмжээнд хүрсэн ч монголчууд баяраа таслаагүй. Учир нь Цагаан сар бол зүгээр нэг баяр биш. Энэ бол монгол хүнийг монгол чигээр нь байлгаж байдаг үндэстний баталгаа юм.




Өнөөдөр нохой өдөр

9 цагийн өмнө