"УИХ-ын дарга Н.Учралын гарал үүслийн талаарх ТАСС-ын мэдээлэл алдаатай" гэж мэдэгдлээ

2026-02-11 15:36

"УИХ-ын дарга Н.Учралын гарал үүслийн талаарх ТАСС-ын мэдээлэл алдаатай" гэж мэдэгдлээ

ОХУ-ын ТАСС агентлаг нэгэн мэдээлэлдээ УИХ-ын дарга Н.Учралын танилцуулгыг дурдахдаа түүнийг ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлээс угсаатай гэж бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр уг мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг. Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно. Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа. ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна" гэжээ. 

2026-02-11 11:49

Оросын ТАСС агентлаг УИХ-ын дарга Н.Учралыг "ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлийн удам" гэж бичжээ

Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины урилгаар хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны хооронд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын талаар ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ТАСС агентлаг тухай бүрд нь мэдээлж байгаа. 

Тэгвэл ТАСС агентлаг нэгэн мэдээлэлдээ УИХ-ын дарга Н.Учралын танилцуулгыг дурдахдаа түүнийг ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлээс угсаатай гэж бичжээ. 

Уг нийтлэлд, "Ням-Осорын Учрал нь 2025 оны 11-р сард Монгол Улсын Их Хурлын 14 дэх даргаар сонгогдсоноос хойш гадаадад хийж буй анхны албан ёсны айлчлал нь энэ юм. Тэрбээр 23 насандаа МАН-д элссэн бөгөөд 38 настайдаа МАН-ын дарга болж, 1990 оноос хойш МАН-ын түүхэн дэх хамгийн залуу удирдагч болоод байна. Тэрээр 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросоос гарч, Оросын хил залгаа Хэнтий аймагт суурьшсан Буриад цагаачдын гэр бүлээс гаралтай. 2013 онд улс төрч Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Буддын шашин, Төвдийн судлалын хүрээлэнд (IMBIT) докторын зэрэг хамгаалсан. Түүний диссертацийн сэдэв нь "Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он" байв" гэжээ. 

Эх сурвалж: ТАСС агентлаг