ЖОЛООЧ С: Жолооны ард “PubG” тоглож байгаад 11 настай хүүхэд мөргөж, хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна

ЖОЛООЧ С: Жолооны ард “PubG” тоглож байгаад 11 настай хүүхэд мөргөж, хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна

Гар утас бол өдгөө хүн бүрийн өдөр тутмын байнгын хэрэглээ болсон. Үүнийг дагаж гар утасны ухаалаг хэрэглээ гэх асуудал хөндөгдөөд удлаа. Бид сошиал медиа орох, чат бичих, youtube суваг үзэх, тоглоом тоглох зэрэгт маш олон цагийг зарцуулж, сүүлдээ “Рефлекс” болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ ухаалаг утсыг жолооны хүрдний ард суусан жолооч бүр хэрэглэхгүй, тэвчих нь нэн чухал юм.

ВИДЕО:

Тухайлбал, Өнгөрсөн сард жолооч “С” PubG тоглож замын хөдөлгөөнд оролцож, 11 настай хүүхэд мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. Тус хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Анхааралгүй, хайхрамжгүй, хэнэггүй гэж хэлж болох жолоочийн үйлдэл түүнийг гэмт хэрэгт холбогдуулсан бол 11-хэн настай охиныг хүнд гэмтээлээ.

"НҮД ИРМЭХ ЗУУР ОСОЛ ГАРЧИХСАН"

Тус ослыг гаргасан жолооч С “Гар утсаараа тоглоод явж байсан. Нүд ирмэх зуур осол гарчихсан. Хүүхдийг сайн харж амжаагүй. Энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Тухайн хүүхэд эмнэлэгт байгааг сонсох бас хэцүү санагдсан. Иргэдэд хандаж хэлэхэд жолоо барьж байгаа үедээ утсаа битгий оролдоорой гэж хүсмээр байна” гэлээ.

Энэ бол ердөө нэгэн жишээ. Энэ төрлийн гар утаснаас үүдэлтэй зам тээврийн ослын мэдээлэл дагнан гардаггүй байна. Учир нь жолооч нар гар утаснаас болсон хэмээн үнэн зөвөөр мэдүүлэг өгдөггүйтэй холбоотой. Харин анзаарсангүй, хараагүй осол гарчихлаа хэмээн тайлбар хэлдэг. Ингээд гар утаснаас үүдэлтэй зам тээврийн осол санамсар болгоомжгүйгээр осол гаргасан гэх ангилалд ордог байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар анхаарал болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан нийт 2.618 тохиолдол Тээврийн Цагдаагийн албанд  бүртгэгдсэн байна. Энэ нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 11.6 хувийн эзэлж  байгаа нь өндөр  үзүүлэлт юм. Улмаар  анхаарал болгоомжгүй гаргасан  энэ төрлийн зөрчилд 100 нэгжээр торгох  арга хэмжээ авдаг аж. 

"БИ ГАР УТАС ОРОЛДОЖ БАЙГААД ОСОЛ ГАРГАЧИХЛАА ГЭЖ ХЭЛДЭГ ЖОЛООЧ МАШ ЦӨӨХӨН"

ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг “Би гар утас оролдож байгаад осол гаргачихлаа гэж хэлдэг жолооч маш цөөхөн. Гэхдээ өнөөдөр нийслэлийн хэмжээнд ар араасаа орчихсон осол олон гардаг. Энэ төрлийн осол ихэвчлэн анхаарал болгоомжгүйгээс, гар утасны хэрэглээнээс болдог. Хүн нэгэн зэрэг хэдэн ч үйлдэл хийж болно. Гэхдээ огт хамт хийж болохгүй хоёр үйлдэл бол гар утасны хэрэглээ болон машин барих юм. Авто машин 60км/цагийн хурдтай явж байхад 1 секундэд 18.6 метр зам туулдаг. Харин чат шалгах хугацаа багадаа 4 секунд байдаг. Тэгэхээр энэ хугацаанд 100 орчим метр газрыг туулна гэсэн үг. Энэ бол судалгаа шүү дээ” гэсэн юм.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөсөн, мөргөөд зугтсан зам тээврийн осол шил дараалан гарах болсон. Эдгээр ослууд ч мөн утас оролдож анхаарал сарнисан байх үедээ гаргасан осол гэж үзэж болохоор байгаа юм. Мөн жолоо барьж байхдаа гар утас оролдож буй зөрчлүүдэд өдөр тутам цагдаагийн алба хаагчид хууль сануулж, арга хэмжээ тооцдог. Энэ оны эхний 10 сарын байдлаар 373 мянга гаруй жолооч дээрх зөрчлөөр арга хэмжээ тооцуулжээ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд авто машин барьж байх үедээ жолоо барьсан зөрчилд 20 нэгжээр торгох арга хэмжээ авдаг юм.