"Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ"

"Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ"

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож баг тамирчдад амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, тэмцээний нэр хүнд, хамрах хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, тамирчдын ур чадвар, амжилт дээшилж, гардан тулааны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо өсөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.Тэмцээн нь “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгоход  чиглэсэн олон ажлын нэг гэдгийг тэмдэглэлээ.Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжихээ хэллээ.

Тэмцээнийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, “Бие хамгаалах урлагийн холбоо”, клуб, нэгдлийн тамирчид, хувь хүмүүс эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөнө. Жин тус бүрээр эхний гурван байрын эзнийг тодруулахаас гадна “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” төрөлд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд Улаан брет малгай олгох юм. Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч”, тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, “Өөрийгөө хамгаалах төрөл”-д “Шилдэг ур чадвартай тамирчин” шалгаруулна.