"Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа” -ны нөхцөл байдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл өгч байна.
ВИДЕО:
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Цахим технологийн эрин үед хүний амьдрал бүхэлдээ ямар нэгэн цахим эх сурвалжид бүртгэгдэх боломжтой ийм цаг үед бид амьдарч байна. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос цаашид ямар асуудал дээр мэдээлэл хариуцагчид, хүний хувийн мэдээ мэдээлэлтэй ажилладаг байгууллага, хуулийн этгээдүүд анхаарах ёстой юм бэ гэдгийг сануулах үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм гэдгийг онцолмоор байна. Комиссын зүгээс жил бүр хүний эрхийн талаарх илтгэлээ гаргадаг уламжлалтай. Энэ удаад 24 дэх илтгэлээ гаргаж байгаа бөгөөд анх удаа “Цахим технологи ба хүний эрх” сэдвийг тусгасан.
Хүний эрхийн үндэсний комисс 2022-2025 он хүртэл гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр хяналт, судалгаа, үнэлгээ хийж ирсэн. Судалгаанд төр, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хэвлэл мэдээлэл, хууль сахиулах байгууллага, цахим үйлчилгээний системүүд гээд нийт 11 салбар хамрагдсан байдаг. Хамгийн гол асуудал бол, цахим технологи ашиглах явцад хүний эрхийн хамгаалалт хангалттай байна уу гэдэг асуулт юм. Тухайлбал, цахим орчинд хувийн мэдээлэл, зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй цацах, хадгалах, түгээх асуудал олонтоо гарч байна. Хувийн мэдээллийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэл хариуцагч байгууллагуудын дунд ойлголт, хариуцлагын ялгаа бий.
Мөн бид “е-Mongolia” системийн хүрээнд хүний эрхийн үнэлгээ хийсэн. Иргэдийн мэдээллийг ямар түвшинд хамгаалж байна вэ, мэдээлэл олгох, устгах, хянах тогтолцоо нь хангалттай юу гэдгийг судалсан. Үүнтэй зэрэгцээд камерын хяналтын хэрэглээг судлахад хувийн өмчийн болон нийтийн эзэмшлийн талбайд хэт олон камер байршуулж, иргэдийн хөдөлгөөнийг бүртгэх нь халдашгүй байх эрхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Комиссын судалгаагаар мэдээлэл хариуцагч байгууллагуудын 80 орчим хувь нь мэдээлэл хамгаалах журамтай гэж мэдүүлдэг ч бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь хэрэгждэггүй, эсвэл хуульд нийцээгүй журамтай байна. Тиймээс бид энэ талаар анхааруулга, шаардлага хүргүүлж, хяналт шалгалт хийсэн. Нийтдээ 27 гомдол бүртгэгдсэнээс 8 байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Тэдгээрийн дотор төрийн байгууллага, банк, худалдааны төвүүд, боловсролын байгууллага ч бий. Комиссоос 9 удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд хүний дүрс, дуу бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлсэн, цацсан, эсвэл ашигласан зөрчил илэрсэн.
Мэдээлэл хариуцагчийн хувьд, хувь хүн бус байгууллага хариуцлага хүлээх тохиолдол гардаг. Тиймээс байгууллагууд ажилтнууддаа энэ талаар сургалт явуулж, мэдээллийн аюулгүй байдлын дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Мөн бид арваннэгдүгээр сарын 27-нд “Олон нийтийн сүлжээний бодлого, зохицуулалт”-ын судалгааны үр дүнг, арванхоёрдугаар сарын 2-нд “е-Mongolia системийн хүний эрхийн үнэлгээ”-г тус тус олон нийтэд танилцуулах гэж байна. Харин арванхоёрдугаар сарын 10-нд болох Хүний эрхийн үндэсний форумд гурван жилийн судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэж танилцуулах болно. Энэ бүхний зорилго нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, цахим технологи ашиглах явцад хүний эрхийг хамгаалах бодлогын зөвлөмж гаргах, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад чиглэл өгөхөд оршиж байгаа юм. Иргэдийн хувьд ч бас өөрийн мэдээллийг хамгаалах ухамсартай байх ёстой.
Жишээ нь, олон нийтийн сүлжээнд өөрийн болон бусдын мэдээллийг хуваалцахдаа зөвшөөрөлтэй эсэхийг заавал бодох хэрэгтэй. Учир нь хүний дүр төрх, дуу хоолой, бичлэг бол мөн л хувийн мэдээлэлд хамаардаг зүйл юм. Товчхондоо, цахим технологи бол боломж, бас сорилт. Энэ боломжийг хүний эрхийн хүрээнд зөв ашиглах нь бид бүгдийн хамтын хариуцлага юм" гэв.