Хууль бусаар ашигт малмал олборлож байсан этгээдийг шалгах явцад тухайн этгээд нь бусдаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Тодруулбал, иргэн “Д” нь өнгөрсөн оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвгэрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна. Улмаар уагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад дээрх этгээд нь:
- “...Надад танил тал зөндөө хүмүүс байна, охины чинь ялыг хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө...” гэж бусдад амлалт өгч, зохиомол байдал бий болгож, 50 сая төгрөг авч залилсан бөгөөд улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор тогтмол заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэмт хэрэг
- Мөн бусдын 1 тэрбум 150 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бусдад зарж өгнө гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдсон байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд нь алтны магнат гэгддэг байсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хамт эрүүгийн хэргээр шалгагдаж, хорих ял шийтгэгдэж байсан Х.Даржаа гэгч этгээд аж.
Тодотговол, “Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж, шүүхээс шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг “залилах “ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.