МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Удирдах зөвлөлөө хуралдуулж, бүлэгт чиглэл өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэгвэл МАН-ын дүрмээр Удирдах зөвлөлийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах ёстой.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Яригдаж байгаа асуудал дээр тохиролцоо гэж байхгүй байх. Ер нь бол намын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж, ярилцах шаардлага байгаа. Ийм уулзалтууд хэд хэд хийгдсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдаж болдоггүй дүрэмтэй. Манай намын Бага хурал буюу төлөөллийн төв байгууллага гэж байдаг. Энэ байгууллага Ерөнхий сайдыг томилж, сонгодог. Мөн УЗ, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогддог. Тиймээс УЗ Ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй. Хоёрдугаарт УИХ-ын бүлэг удирдах зөвлөлөөр чиглэл авч хуралддаг зүйл байхгүй. УИХ дахь намын бүлэг намын төлөөллийн төв байгууллагуудаас хараат бусаар ажиллахыг хуульчилсан хуультай. Намын ажил намын ажлаараа, төрийн ажил төрийн ажлаараа явах ёстой. МАН-ын Удирдах зөвлөл тодорхой асуудлуудаар хуралдана. Хуралдахаар ярилцаж байна” гэлээ.