Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагууд мэдээлж буй.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан TV5 телевизэд өгсөн ярилцлагад дурдсанаар, “Энэ жил өвлийн бэлтгэл ажлыг маш эрт эхэлсэн. Отор нүүдэл хийхэд орон нутгийн удирдлагууд дэмжиж оролцохыг үүрэг болгосон. Мөн 4.5 сая га талбай отор нүүдийн бүсээр ашиглагдаж байгаа. Хүндрэлтэй үедээ бүгд хамтран газар нутгаа ашиглаж, мал сүргээ эсэн мэнд онд оруулахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд отор нүүдэл хийхэд хөөж туухгүй. Малчид маань ч үүнийг ойлгож байгаа байх" гэжээ.