Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандгань баг "Чандганы тал" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 42 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.10.08/ 14:26 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхныг очиход 1000 боодол өвс тээвэрлэж явсан “Beiben North Benz ND4251” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг баг "Баадайн гол" гэдэг газарт мөн тус машинтай холбоотой осол гарчээ. Тодруулбал, шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, шатахуун асгарсан тухай дуудлагыг 18:24 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Монгол зам” ХХК-ийн ажилчдыг очиход Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатахуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан "Beiben North Benz HLQ525" автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан байдалтай байсныг татан босгож, 8 тонн шатахуун асгарсан талбайд шороо асгаж саармагжуулалт хийж ажилласан.