Энэ жил есдүгээр сарын 15-наас эхлэн сайжруулсан шахмал түлшийг 335 цэгээр борлуулж эхэлсэн. Улмаар хагас коксон нүүрсийг буюу 2025.10.01-нээс борлуулж эхэлнэ гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байв.
Гэсэн ч хагас коксон нүүрсийг борлуулах өдөр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Учир нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хагас коксон нүүрсний хөнгөлөлтийн төсвийг батлаагүй хэвээр байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар 6000 тонн хагас коксон нүүрс борлуулахад бэлэн байна. Гэтэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо одоог хүртэл хуралдаагүй байгаа нь хагас коксыг борлуулах боломжгүй нөхцөлд хүргээд байна. Учир нь тус хороо хуралдаж, хөнгөлөлтөд зориулах төсвийг баталдаг. Нэг шуудай хагас коксон нүүрс 25 мянган төгрөг байдаг. Харин борлуулах үнэ нь 5000 төгрөг. Зөрүү мөнгийг хөнгөлөлтөд хамруулж, тодорхой төсвийг тус хороо баталдаг. Энэ шийдвэр гарчихвал хагас коксон нүүрсийг борлуулж эхэлнэ” гэв.