Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн баталж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ.
Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэсэн байна. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас кокс, хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж тусгажээ. Түүнчлэн шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
- Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
- Хүхэр 0,5 хувиас ихгүй
- Дэгдэмхий 12 хувиас ихгүй
- Чийг 6 хувиас ихгүй
- Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ.
Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.