Багш нарын цалин, хангамжийн асуудал үргэлж их, бага хэмжээгээр гарсаар ирсэн. Багш нар шаардлага тавьж, жагсаал зохион байгуулдаг ч удалгүй намддаг жишиг тогтсон гээд хэлэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ жилийн хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долдугаар сараас эхлэн үе шаттайгаар тавьж ирсэн. Гэсэн ч тодорхой үр дүнд гарахгүй байсаар өнгөрсөн сарын 24-нд багш нар улс орон даяар нэгэн зэрэг тайван жагсаал зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлсэн байдаг. Улмаар Боловсролын сайд П.Наранбаяр урсгал зардлаас 100 тэрбум төгрөг гаргаж, багш нарын цалинд нэмэгдүүлэх боломжтой талаараа мэдээлсэн. Түүний гал унтраах төдий шийдвэрийг багш нар хүлээж аваагүй юм. Тэгвэл багш нарын төлөөлөл өчигдөр /2025.10.05/ Төв талбайд 11-15 цагийн хооронд суулт зарлалаа.
Багш нарын төлөөлөл "Цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа. Боловсролын салбараар дамжиж бусад хөгжих суурь тавигдана. Багш нарын цалин нэмэгдсэнээр боловсролын чанар нэмэгдэнэ. Чанартай боловсролтой хүүхдүүд улс орноо хөгжүүлнэ " гэдэг байр суурийг илэрхийлж буй.
Улмаар энэ долоо хоногийг дуустал 11-15 цагийн хооронд Төв талбайд тайван жагсаал, суултыг зарлах юм байна.