Д.Баяржаргал:  20 жил архи ууж гудманд гарсан би эцэст нь өөрийгөө ялж орон гэр, машинтай болсон ч ээжийнхээ амьдад эрүүл харагдаагүйдээ харамсдаг

Д.Баяржаргал: 20 жил архи ууж гудманд гарсан би эцэст нь өөрийгөө ялж орон гэр, машинтай болсон ч ээжийнхээ амьдад эрүүл харагдаагүйдээ харамсдаг

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, өнөөх нь донтолт болсны улмаас амь, амьдралаараа хохирсон харамсалтай үйл явдлууд одоо ч бидний эргэн тойронд олон бий. Тэгвэл бид энэ удаад энэ хорт зуршлаасаа салж чадахгүй яваа хүмүүст урам зориг өгөх үүднээс 20 жил архи хэрэглэж, бүхий л зүйлээ алдах шахсан Д.Баяржаргалтай ярилцлаа. Тэрбээр архинаас гараад 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд амьдралаа дахин эхлүүлж, өнөөдрийн өөрийгөө бий болгожээ. Ингээд түүний яриаг хүлээн авна уу. 

ВИДЕО:

“ШАРАА АРХИАР ТАЙЛААД ЭХЭЛСЭН БОЛ АРХИНЫ ГҮН ХАМААРАЛТАЙ БОЛСОН ГЭСЭН ҮГ”

-Цаг заваа гаргаж, бидэнд өөрийн түүхийг ярьж өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Хоёулаа гол яриандаа оръё. Анх архийг хэдэн оноос эхлэж хэрэглэсэн, хэдэн жил уусан талаараа ярьж болох уу?

-Бид нарыг өсөж, том болох үед яг нийгэм солигдох ороо бусгаа үе байсан. Зах зээлийн нийгэмд шилжихтэй таарч, хүн бүр хөдөлгөөнд орсон байлаа. Би 1988 онд цэргээс халагдаж ирээд үйлдвэрт ажилласан. Яваандаа үйлдвэр маань дампуурсан юм. Тэгээд ОХУ-руу явж, наймаа хийдэг боллоо. Энэ бол миний архитай холбогдсон үеийн эхлэл. ОХУ-д архи элбэг, үнэ хямд. Би бусад хүмүүс шиг хүнд асуудлаар шаналж архинд ороогүй. Наймаа хийж яваа хүн чинь мөнгөтэй байна. Тэгээд бага багаар уусаар 20 жил архи уусан байсан. Тэр дундаа сүүлийн 10 гаран жилд нь архиндаа донтож, гэр орноосоо зугтааж, бараг л гудамжинд гарсан. Архи ууж согтоод хаа тааралдсан газраа хоночхоод явдаг болсон байсан.

-Та траншейнд хонох хүртлээ архи уусан гэж хэллээ. Тэр үеүдэд архиныхаа мөнгийг яаж олдог байсан бол?

-Ер нь янз янз шүү дээ. Жижиг сажиг хулгай хийнэ. Заримдаа хүн амьтныг шаналгана. Мөн халамцуу нөхрүүд бол мөнгийг нь булаагаад л авчихдаг байсан. Тэгээд ер нь архины мөнгө болчихоор юм юу байна тэрийг л хийдэг. Сүүлдээ даамжирч шил цуглуулаад явж байсан үе ч бий.

-Уугаад явж байх үеүдэд арай л хэтрээд байна уу гэх бодол төрж байв уу?

-Сүүлд нэг найзтайгаа ээжийнх нь куртикийг хулгайлаад зарах гээд явж байсан. Тэр үед үсчин, дэлгүүр зэргээр нөгөө куртикээ зарах гээд явж байтал их олон удаа хөөгдсөн. Би тэр үед арай л биш болж, энэ архийг нэг больчих юм сан гэж бодогдож байсан. Гэхдээ больж чадахгүй уугаад л яваад байдаг байсан юм.

-Тухайн үед таны бие өвддөг байв уу?

-Надтай хамт архи ууж байсан хүмүүс ихэнх нь нас бараад дууссан. Сархад савнаасаа бусыг дийлнэ гэдэг үнэн. Миний бие их муудаж байсан. Уухаа болиогүй бол өдийд аль хэзээний үхэх байсан байх. Сүүлдээ архиа дийлэхээ болино, шараа тайлахгүй, жоохон удахаар салгалаад эхэлдэг. Яваандаа асуудал хүндэрч унаж, татдаг болсон байсан. Ингээд хамт архи ууж байгаа нөхөд маань хүртэл гайхдаг, айдаг болсон байсан даа.

"АРХИ ХҮНИЙГ УЛАМ ДООШ НЬ ТАТНА ГЭХЭЭС ДЭЭШ ГАРГАДАГГҮЙ"

-Архины хамааралтай хүмүүс өөртөө болон архинд буруу өгдөггүй санагддаг?

-Би архичин биш ээ гудамжинд ууж байгаа хүн архичин гэдэг юм. Хааяа нэг уугаад гэртээ байгаа хүн архичин биш гэдэг. Хүн маргааш нь шартаад шараа тайлаад л эхэлсэн бол архины гүн хамааралтай болоод эхэлсэн гэсэн үг.

-Та юунд хамгийн их харамсаж явдаг вэ?

-Ээжийнхээ амьд дээр гарчихгүй яав даа л гэж боддог. Ээжийгээ амьд сэрүүн дээр нь ганц жил ч болтугай эрүүл харагдсан бол баярлах байсан болов уу гэж боддог. Үхтэл үр харам гэж хүний эх хүн гэдэг үнэхээр сайхан. Яаж ч байсан хоол хийчихсэн хүлээж байдаг.

-Таны ээжээс гадна хань, үр хүүхдүүд нь хамгийн их шаналсан байх?

-Нэг архи ууж байгаа хүний ард 20 хүн шаналж байдаг гэдэг. Энэ бол үнэхээр үнэн. Би ганц ээжийгээ биш эхнэр, гэр бүлээ зовоосон. Миний архи уух нь хадмуудад ямар хамаатай юм гэж хүртэл өөрийгөө өмгөөлж явсан удаатай. Гэтэл тэр хүмүүс согтуу ирээд охиныг минь яаж байгаа бол гэж шанална шүү дээ.

-1996 оноос хойш гэж бодоход 20 жил архи уусан байна. Энэ хугацаанд та юу, юу алдсан байна вэ?

-Сайхан залуу нас, амьдрал гээд дурдвал олон. Хийж бүтээх насан дээрээ хэнд ч хэрэггүй архийг уусан байна. Тэр алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Архи хүнийг улам доош нь татна гэхээс дээшээ гаргадаггүй. Тэгээд л явсаар байгаад л доор нь орчихсон байдаг. Мөн хэрэг төвөгт оруулна. Ер нь тэгээд л архинаас болж л их асуудал үүсдэг юм. Хүн өөрөө мэддэггүй юм. Би тохируулдаг, уудаг, аятайхан уудаг гээд уугаад л байдаг.

"ӨГЛӨӨНИЙ НАРЫГ ЭРҮҮЛ ХАРАХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ"

-Тэгвэл архи уухаа болиод 10 жил болоход юмс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хоёр хүүхэд тусдаа гарчихсан. Эхнэртэйгээ хоёулаа байдаг. Одоо амьдрал тогтоод сайхан болчихсон. Ер нь тэгээд хүн архи л уухгүй бол ажил цаанаасаа сайхан бүтдэг. Тэгээд архи уухаа болиод орох оронтой, машинтай болсон. Солонгос улс руу явж хэсэг ажилласан. Надад виз гарахгүй байх гэж бодож байсан юм. Ядаж л халаасандаа мөнгөтэй явдаг. Бие өвдөхгүй, сэтгэл амар амгалан, гэр бүл жаргалтай архигүй л бол үнэхээр бүх зүйл сайхан.

-Анх архинаас гарах эмчилгээнд хэрхэн хамрагдаж байв. Гол нь хүн өөрөө ухамсарлаж, хүсэх чухал байх.

-Хүнийг хүчээр авчирч эмчилгээнд явуулж, архинаас гаргана гэж байхгүй. Хүн өөрөө жоохон ч гэсэн хүсэх нь чухал. Маш хэцүү. Хүн архи уучихсан байна гэж хар дарж зүүдлэх хэцүү. Манай даван туулах клуб маш гоё уриатай.

Өөрөө өөрийгөө хуурахгүй эрүүл идэвхтэй амьдарна

Өрөөл бусдыг гомдоохгүй буян бүтээж амьдарна

Өнгөрсөн алдаагаа давтахгүй эр зоригтой амьдарна

Өөрсдөө шинэчилж, бүтээлч, чинээлэг амьдаръя гэдэг уриатай. Энэ уриагаа одоо хүртэл сэтгэлдээ байнга уншиж явдаг. Архи уугаад л яваад байвал хүн улам л доошилно уу гэхээс дээшэ гардаггүй. Амьдралыг эрүүл ухаанаар сэтгэх ёстой. Өглөөний нарыг эрүүл харах шиг жаргал байдаггүй юм аа гэдгийг л ойлгоорой гэж залуустаа захиж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.