НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэлээ

НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэлээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээг 2025.10.03-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас 2025 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээ зарласан.

Энэ үеэр НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн, ололт амжилтыг онцлон танилцуулсан. Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалд ухаалаг дасан зохицсон мал аж ахуй, газар тариалангийн менежмент, өртөг шингээсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи болон инновацийг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, болон хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг дэмжих зэрэг олон ололт амжилтыг онцлов. Түүнчлэн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан хүүхэд, залуус, оюутан, залуу судлаачидын дунд зохион байгуулсан “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө”  сэдэвт эсээ бичлэг, Хүнсний аюулгүй байдал-Стандарт эрдэм шинжилгээний бүтээлийн болон “Хүнс, хөдөө аж ахуйн өв соёл-Залуусын нүдээр” богино дүрс бичлэгийн уралдаануудад шалгарсан шилдгүүдийг зарлалаа.

Энэхүү  арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газар, хөгжлийн түнш байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд залуусын төлөөлөл, малчид, тариаланчдын төлөөлөл оролцлоо. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөөдөр дэлхийн хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хэлбэлзэл, хүнсний хомсдол, хэт их хэрэглээний сөрөг үр дагавар зэрэг сорилттой тулгарч байна. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалангийн тогтвортой хменежмент нь хүнсний баталгаат байдалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй билээ.