УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг МАН-ын Хяналтын хорооны даргын ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардлаа

УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг МАН-ын Хяналтын хорооны даргын ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардлаа

МАН-ын "Хамтын хүч" жигүүрээс цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. 

Тэд "МАН-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хамтын хүч жигүүрийн удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг Монголын ард түмэн сайн ойлгож байгаа. МАН олон арван жил дотроо асуудлаа ярьж, савнаас хальдаггүй байсан. Энэ удаад МАН цагаан байшин дотроо ярьж чадахгүй болтлоо бие биенээ харлуулах, намын удирдлагын эрх мэдлийн төлөө өрсөлдөгч талууд маш ёс зүйгүй аашилж байгаад бид харамсаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал олон жилийн өмнөөс улбаалж ирсэн. Сүүлийн үед МАН намынхаа гишүүдийн үзэл бодол, дуу хоолойг сонсохгүй болсонтой холбоотой гэж бид дүгнэж байгаа. Энэ асуудлуудаа одоо зогсоохыг бид шаардаж байна. МАН-ын эзэн болон ажиллаж байгаа талууд асуудлуудаа дотроо ярьж, ширээний ард шийдвэрлэхийг хүсэж байна. МАН эзэнтэй нам. Эзэн нь МАН-ын 300 мянга гаруй гишүүд. Энэ гишүүдийн дуу хоолойг төр засаг болоод бусад бүх түвшинд хүргэхийн төлөө манай жигүүр үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

МАН-ын наймдугаар бага хурлын үеэр намын даргад нэр дэвшсэн хүмүүсийн байр суурь зөрүүтэй байгааг өнгөрсөн хугацаанд талуудын мэдэгдлээс тодорхой харж болно. Бага хурлын шийдвэр нь намыг эвлрүүлэх бус улам хагалган бутаргах нөхцөл байдал руу оруулж, намын дотоод асуудал гэхээс илүү улсын хямрал руу түлхэж байгаад гүнээ харамсаж байна. Иймд намын даргад нэр дэвшигч талууд асуудалд ухаалгаар хандаж, Үндсэн хууль, МАН-ын Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна. Цаашид та бүхний үйл ажиллагаа улс орныг улам бүр хямрал руу түлхэх аваас намын нөхөд бид та бүхнээс улс төрийн өндөр албан тушаалаасаа сайн дураар огцрохыг олон мянган намын гишүүдийн хамтаар шаардах болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Зарим үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийг намаас хөөх шийдвэрийг гаргаж, Намын Хяналтын Ерөнхий хороо хэт нэг талыг барьж байгаа нь намын эв нэгдлийг сарниулж байгаад харамсаж байна. Энэхүү Хяналтын хороог толгойлж буй УИХ-ын гишүүн Б.Баярбаатар та намын Үндсэн дүрмийн 33.7-д заасны дагуу намын Хяналтын Ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардаж байна" гэжээ.