Сонгинохайрхан дүүрэгт гамшгийн үеийн практик сургалт боллоо

Сонгинохайрхан дүүрэгт гамшгийн үеийн практик сургалт боллоо

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоогийн санаачилгаар “Өсвөр үе бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 30 сургуулийн ахлах ангийн 700 гаруй сурагчид оролцжээ. Онцгой байдлын алба хаагчид гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх практик сургалт, үзүүлбэр үзүүлж, бодит нөхцөлд хэрхэн аврах ажиллагаа явуулдгийг харуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж байлаа. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай лекц, илтгэлийг холбогдох байгууллагууд танилцуулж, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй аюул, эрсдэлийн талаарх ойлголтыг өгсөн аж.

Сурагчдын хувьд зөвхөн аюулгүй байдлын мэдлэгээр зогсохгүй ирээдүйн зорилго, мэргэжлээ сонгох чиглэлд хэрэгцээтэй мэдээлэл авсан нь онцлог байв. Манай улсад суугаа зарим улсын Элчин сайдын яамдын төлөөлөгчид хүрэлцэн ирж, гадаадад хэрхэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар өсвөр үеийнхэнд мөн зөвлөгөө өгсөн байна.

“Өсвөр үе-Бидний ирээдүй” арга хэмжээнд Үндэсний аврах бригад, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, дүүргийн Прокурорын газар, Шүүх шинжилгээний хүрээлэн, дүүргийн Улаан загалмайн хороо болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Оросын Холбооны Улс, Япон улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын төлөөлөл, Монголын хөгжлийн цогц академи ТББ, “Их Засаг” Их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль зэрэг байгууллагууд оролцжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо уг арга хэмжээг жил бүр зохион байгуулна гэж мэдэгджээ.