МАН-ын талцлаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тун удахгүй мэдэгдэл хийж магадгүй байна

МАН-ын талцлаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тун удахгүй мэдэгдэл хийж магадгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.03/ хуралдааныг 10.00 цагт эхлүүлж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч одоог хүртэл хуралдаж эхлээгүй байна. 

УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг улс төрийн шийдвэрийг гаргасан бөгөөд өчигдрийн /2025.10.02/ үдээс өмнөх хуралдаанд тус бүлгийн гишүүд ирцээ бүртгүүлчхээд орхин гарсан. Улмаар үдээс хойшхи чуулганы хуралдаан хуралдаж чадаагүй билээ. Мөн байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүд бойкотлосноос болж ирцгүй хуралдаж чадахгүй байгаа  юм.

Ийнхүү УИХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод байна.

Энэ бүхэн нь эрх баригч намын талцалтай холбоотой бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэрийг гаргаж, өчигдөр УИХ-д тангараг өргүүлэх хүсэлтийг хүргүүлсэн ч УИХ-ын тамгын газраас тов өгөхгүй байсан нь асуудлыг илүү хурцдууллаа. Цаашлаад энэ бүхэн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнээс хассан шийдвэртэй ч холбогдож байгаа юм. Ийнхүү улс төрийн нөхцөл байдал хурцдаж, УИХ-ын үйл ажиллагаа гацсантай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тун удахгүй мэдэгдэл хийж магадгүй байна. Түүнийг ойрын хугацаанд мэдэгдэл хийх тухай мэдээлэл улс төрийн хүрээнд хөвөрч буй юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийхдээ "Гүйцэтгэх засаглалын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна" хэмээн мэдэгдсэн билээ.