БАРИМТ: "60 тэрбум эвлүүлэг биш" гэж хэлээд М.Энхболдоос урваж МАН-ын ЕНБД-аар үлдэж байсан Д.Амарбаясгалан ЖДҮ, Нүүрс гээд олон асуудалд холбогджээ

БАРИМТ: "60 тэрбум эвлүүлэг биш" гэж хэлээд М.Энхболдоос урваж МАН-ын ЕНБД-аар үлдэж байсан Д.Амарбаясгалан ЖДҮ, Нүүрс гээд олон асуудалд холбогджээ

2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас эхлэн тухайн үед Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан улс төрийн тавцанд тодорч, улмаар өнөөг хүртэл “томоохон” албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн болсон. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг дэвшүүлэн, томилоод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орсон ч тэрбээр ялагдсан.

-М.ЭНХБОЛДООС УРВАЖ, АЛБАН ТУШААЛДАА Д.АМАРБАЯСГАЛАН ҮЛДЭВ-

М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан сонгуулийн нэг гол сэдэв нь “60 тэрбум”-ын хэрэг гээч байсан юм. Ц.Сандуй, н.Ганбаатар нарын төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжиж, сонгуулийн санхүүжилтээ босгохоор МАН-ын дарга М.Энхболдод танилцуулж буй бичлэг 2016 оны 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарч ирсэн ч, сонгуульд нөлөө үзүүлээгүй бөгөөд МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд “60 тэрбумын” хэрэг томоохон нөлөө үзүүлж М.Энхболдын ялагдах нэг том шалтгаан болсон юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “60 тэрбум хэрэг бол эвлүүлэг” хэмээн мэдэгдэж байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуульд М.Энхболдыг ялагдсаны дараа “60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хэлсэндээ харамсаж байна” хэмээн АТГ-ын гадаа мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын дарга М.Энхболдоосоо урваж, нүүр буруулж байлаа.

ВИДЕО:  Д.Амарбаясгалангийн АТГ-ын гадна 2017 онд хийсэн мэдэгдэл

Ингээд Д.Амарбаясгалан МАН-ын дарга М.Энхболдоос урвасныхаа шанд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа үлдэж, 2024 оныг хүртэл тасралтгүй 8 жил тус албан тушаалыг хашсан. Бүр 2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон ч, 2 жилийн хугацаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа давхар хийсэн юм. Харин тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах 8 жилийн хугацаанд багагүй асуудалд нэр холбогдсон. Тухайлбал,  М.Энхболд даргаасаа урваж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан үлдэхэд 2016 оны сонгуулиар парламентад 65 суудал авсан МАН-ын бүлэг 33 болоод 32 болон тэн дундуураа хуваагдаж, Монгол Ардын нам доторх фракцуудын тэмцэл ширүүсэж, Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газар ч огцорч байсан юм.

-АЛБАН ТУШУУЛАА УРВУУЛАН ЖҮД-ЭЭС ЗЭЭЛ АВСАН Д.АМАРБАЯСГАЛАНГ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД СУУЛГАХГҮЙ ГЭЖ БАЙВ-

Үүний дараа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих /ЖДҮ/ сангийн зээлтэй холбоотой дуулиан дэгдсэн. Харин ЖДҮ-ийн дуулианд мөн Д.Амарбаясгалан нэр холбогдсон. Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий хоёр компани ЖДҮ сангаас 1 тэрбум 325 сая төгрөгийн зээл авсан бөгөөд энэ тухайгаа тэрбээр “тайлбарлаж чадахгүй байгаа” талаар NTV телевиз мэдээлж байв.

ВИДЕО:

Иймд албан тушаалаа урвуулан ашиглан зээл авсан нь тодорхой болоод байгаа МАН-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нарын гишүүд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд суух эрхгүй, санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Шаардлагыг биелүүлэх хүртэл нэр бүхий МАН-ын гишүүдийг Удирдах зөвлөлийн хуралд оролцохгүй” хэмээн тухай үеийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 онд мэдэгдэж байлаа.

Ингээд Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон тул 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй юм. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн болохоосоо өмнө НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан бөгөөд түүнийг хотын дарга асан Э.Бат-Үүлийг шүүмжилж, улс төрийн карьераа эхлүүлсэн ч гэж ярьдаг.

Нөгөөтэй, 2009-2014 оны хугацаанд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Дэд ерөнхийлөгчөөр Д.Амарбаясгалан ажиллаж байхдаа тус холбоо мөн хоёр хуваасан гэдэг. Тодруулбал, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаад 2012 оны сонгуулийн дараа боловсролоо дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон. Иймд түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллаж байсан юм. Харин Л.Оюун-Эрдэнийг сургуулиа төгсөөд Монголдоо ирэх болсонтой тул НАМЗХ-г түүнд буцааж авч өгөхийн тулд тус холбоог “өв залгамжлагчид” ба “Харвард”-ынхан хэмээн хоёр хувааж орхисон гэдэг. Гэтэл НАМЗХ-нд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бий болгосон энэхүү хагарал одоо ч тус холбоонд үргэлжилдэг гэдэг. Харин тэрбээр саяхан хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэрээ, “миний үед МАН хагараагүй” гэж мэдэгдсэн ч, энэ нь худал. Харин ч түүний үед МАН-ын бүлэг, Залуучуудын холбоо нь тэн дундуураа хагарч байсан байдаг.

-Д.АМАРБАЯСГАЛАНГ 8 ЖИЛ ДАГАСАН ХАР “СҮҮДЭР”-

Тэгвэл “албан тушаал ахиулсан” М.Энхболд даргаасаа урваж, Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил тасралтгүй ажиллахдаа ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга болтлоо дэвшсэн Д.Амарбаясгалан өдгөө “нүүрсний хулгай”-н асуудалд нэр холбогдоод байна.

Тодруулбал, 2023 оны арван хоёрдугаар сард болсон “Нүүрсний асуудлаарх” нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулсан асуудалтай холбогдуулж“Админерал” ХХК-иас долоон гэрч дуудсаны нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байв. Гэтэл тэрбээр “орон нутагт ажилтай яваа” гэсэн шалтгаанаар сонсголд гэрчээр оролцоогүй юм. Гэтэл саяхан УИХ-ын гишүүн Б. Энхбаяр NTV телевизийн ярилцлагад оролцохдоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “нүүрсний” асуудлыг хөндсөн юм. Иймд нийгэмд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг олон жил “сүүдэр” мэт дагаж ирсэн ЖДҮ-ийн зээл, “Админерал” компани, ах дүүсийнхнь бизнесийн сэжим гээд олон асуудалд нэг бүрчлэн гарч ирээд байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө