Ардчилчсан намын бүлгийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилчсан намын бүлэг маш тодорхой асуудлаар хуралдлаа. Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаад бүлэгт чиглэл өгсний дагуу хуралдсан гэсэн үг. Нэгдүгээрт, эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор маш олон мэдээлэл задарж байгаа. Мөн хариуцлагатай албан тушаалтнууд өөрсдийн амаар бусдыг гэмт хэрэгтэн мэт, нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйл, буруутгал хаанаас эхтэй вэ гэдгийг өөрсөд рүүгээ чиглүүлж ярьж байна. Энэ асуудал хэт хавтгай хөндөгдөж байгаа учраас хууль тогтоогчдын хувьд ийм хүн намын дарга болж, парламентийг удирдах зохимжгүй байна гэж үзэж байна. Сонирхлын зөрчил үүсэж буй. Тиймээс Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индрийн суудлыг сонгууль болон хэл ам болоод буй асуудалд ашиглах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх тул АН түүнийг парламентийг удирдуулахгүй, бид ч чуулганд оролцохгүй гэдэг чиглэл АН-ын бүлэгт өгсөн.
Намын даргын асуудлаа шийдтэл, олон нийт итгэхүйц тайлбараа өгөх хүртэл түүнийг чуулганы даргын индэр дээр суух нь зохимжгүй гэдэг асуудал яригдсан. Хоёрдугаарт, төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ. Төрийн байгууллагын ажил цалгардаж, хүлээлгийн байдалд шилжлээ. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид өвлийн бэлтгэл, ард иргэдийн цалин, бизнесийн орчин гэх мэт тоон илэрхийллээр яригдаж буй төсөв хэлэлцэж байна. Сайд нар нь ч итгэл үнэмшилгүй, ажилдаа хайнга байна. Тиймээс төсвөө татъя. Хөгшид тэтгэврээ, багш нар цалингаа нэмүүлэхийг, бизнес эрхлэгчид төрийн данхайсан бүтцээ танаж өөрсдөд нь боломж олгохыг шаардаж байна. Тэдний шаардлагад ямар ч хариу байхгүй төсөв оруулж ирсэн, ард нь эзэн алга. Уг асуудлыг шийдэхгүйгээр улс урагшаа явахгүй. Дээрх хоёр асуудалд бүлэг нэгдмэл байр суурьтай байна. Парламентийг хямраахгүй, УИХ ажлаа хийдгээрээ хийнэ. Харин тэр хоёр хүнгүйгээр ажлаа явуулах боломжийг эрэлхийлж байна. АН ямагт төр засгийг гацаахгүйгээр ажлыг явуулна, шийдлийг эрэлхийлнэ. УИХ-ын дэд дарга нь чуулганаа удирдаад явж болно" гэлээ.