Монгол Ардын намын Хяналтын хороо өчигдөр /2025.10.01/ хуралдаж, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдад нэрийг нь дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дөнгөж сая Төрийн оронд мэдээлэл хийлээ.
ШУУД:
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ "Нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. Тийм учраас УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад улс төрийн мэдэгдэл хийнэ. Өчигдөр орой манай намын хяналтын хороо үүр шөнөөр хуралдаж, миний биеийг МАН-аас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон. Энэ бүтэц бүрэлдэхүүн бол Үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт би өчигдөр л мэдлээ. Хяналтын хорооны 4-5 хүн нь 2023 оны 12 дугаар сард УИХ-аас зохион байгуулагдсан нүүрсний хулгай сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд их олон юм тодорхой болж байна. Би 7 хоногийн өмнө ярилцлага өгсөн. Энэ хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Учир нь хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой гэдэг нь улам бүр тодорхой болж, өөрсдөө илчлэгдэж байна. Энэ нь улс орныг ямар хэмжээнд хэрсэн эрх мэдэл сүлжсэн худалдаж авсан ямар ч үнэээр хамаагүй, эрх мэдлийн оройд гарахаар улайрч байна вэ гэдэг нь энэ өдрүүдэд илчлэгдэж байна. энэ бол Монголын ард түмний ялалт. Тийм учраас би Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хүүхдүүдийн сурах боломж, Монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайч нартай хийх тэмцэл гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас би өнөөдөр улс төрийн мэдэгдэл хийнэ" гэлээ.