Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2025.10.01/ хуралдаанаар Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг хэлэлцсэн тухай Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж Иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.
Гишүүдийн зүгээс үл хөдлөхийн үнэлгээний асуудлыг үнэн бодитоор үнэлдэг болоход анхаарч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талд анхаарах, иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор байраа борлуулж байгаа бизнесийн зорилгоор худалдаалж байна уу гэсэн тооцоо судалгааг нарийн гаргах, орон сууц барьсан өртгөө багаар тооцож НӨАТ-аа багаар тооцуулах зэргээр барилгын салбарын далд бизнес хоёр хувийн татварыг байхгүй болгосноор цэцэглэх боломжтой эсэх талаар асуусан юм. Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.