МАН-ын Хяналтын хороо өчигдөр /2025.10.01/ хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэртээ холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын гишүүд мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "МАН ард түмнийхээ төлөө ажиллана, авлигтай тэмцэнэ гэж сонгогдсон. Тийм ч учраас төрийн эрх барьж байгаа МАН шударга, ёс зүйтэй, хууль дүрмийг чанад баримтлан ажиллах ёстой гэж үзэж байна. Гэтэл өчигдөр орой МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрийг гаргасан гэж хэвлэлээс мэдээлэл авлаа. Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хувьд 5Ш ажиллагааг хэрэгжүүлнэ гэж амласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэлдэнэ гэж бид энэ сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хүнд байна. Гэтэл манай эрх барьж байгаа нам албан тушаалын төлөө дүрэмгүй тоглож болохгүй гэж бидний хувьд үзэж байгаа. Тийм учраас энэ зүйл дээр улс төрийн ууган намын хувьд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Энэ шаардлагыг бид намын гишүүнийхээ хувьд шаардаж байна. Өөрөөр хэлбэл Хяналтын Ерөнхий хороо энэ шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд УИХ дахь МАН бүлгээсээ, түүнчлэн МАН-аас гарах хүртэл шаардлага тавина гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.