Нүүрсний сонсголд гэрчээр дуудсан ч, "хөдөө явна" гэж шалтаглаад ирээгүй Д.Амарбаясгалангийн асуудлыг Г.Занданшатар дахин санууллаа

Нүүрсний сонсголд гэрчээр дуудсан ч, "хөдөө явна" гэж шалтаглаад ирээгүй Д.Амарбаясгалангийн асуудлыг Г.Занданшатар дахин санууллаа

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2023 оны арван хоёрдугаар сард “Нүүрсний асуудлаарх” нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор “Эрдэнэс ТавантолгойХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулсан асуудалтай холбогдуулж 17 гэрчийг дуудаж байв.

Энэ асуудлаар “Админерал” ХХК-иас 7 гэрч дуудсаны нэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байв. Гэтэл тэрбээр “орон нутагт ажилтай яваа” гэсэн шалтгаанаар сонсголд гэрчээр оролцоогүй юм.

Гэтэл МАН-ын даргыг тодруулахын өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн ярилцлагад орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “нүүрсний” асуудлыг хөндсөн. Энэ нь “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдээд байсан Д.Амарбаясгаланг шууд онилсон алхам болж, түүнийг яаравчлан мэдэгдэл хийхэд хүргэсэн юмТодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яаравчлан хийсэн мэдэгдлээрээ, өөрийг нь олон жил “сүүдэр” мэт дагаж ирсэн ЖДҮ-ийн зээл, “Админерал” компани, ах дүүсийнхээ бизнесийн сэжим гээд олон асуудалд нэг бүрчлэн тайлбар өгсөн ч, 2023 онд болсон “Нүүрсний сонсгол”-д очоогүй талаар ам нээхдээ, “би мэдэхгүй юм чинь сонсголд оролцоогүй” гэсэн утгатай хариулсан.

-БАЙГУУЛАГДААД УДААГҮЙ "АДМИНЕРАЛ" ХХК БОРТЭЭГИЙН УУРХАЙГ АШИГЛАХ ТЕНДЕРТ ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ-

Үнэн хэрэгтээ, “Админерал” ХХК-ийг Тавантолгой бүлэг ордын Бортээгийн уурхайг ашиглах тендерт ялалт байгуулахад нь улс төрд нөлөө бүхий Ц.Чулуунзагд нарын хүмүүс нөлөөлсөн байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлдэг. Учир нь Админерал ХХК нь Бортээгийн ордын нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцахаар гэрээ байгуулсан байж магадгүй байгаа. Харин тус компанийн үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант компаниуд. 

Эцсийн өмчлөгч нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжав гэдэг. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУ-ын иргэн н.Хасбаатар ажиллаж байгаад, энэ оны хоёрдугаар сард учир битүүлгээр нас барсан.

Харин "Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн н.Хасбаатар агсан болоод Ц.Ламжав нар. Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК Хонг Конг улсад бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчид тодорхойгүй. Гүйцэтгэх захирлаар Wang Xuping. 2021 оны аравдугаар сард Эрдэнэс тавантолгой ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Quzhou Longyuan Trading Co LLd-ийн хувьцаа эзэмшигч тодорхойгүй. Гүйцэтгэх захирал Zhang Xinzhou. 2021 оны аравдугаар сард Эрдэнэс тавантолгой ХК-тай мөн 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ хийж байсан талаар “Нүүрсний хулгай” сонсголын үеэр яригдаж байв.

-700 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ХАЛХАВЧ ДОР БОРТЭЭГИЙН ОРДЫГ БҮХЭЛД НЬ АВАХ АЖИЛЛАГАА ЯВАГДСАН-

Тэгвэл өдгөө дээр асуудлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд цагдан хоригдоод байгаа юм. Энэ талаар АТГ-аас, Админерал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын ар гэрээс гомдол гаргасны дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газруудад нэгжлэг хийсэн байна. Нэгжлэг хийх үед БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон бөгөөд уг дардасыг Хятадын иргэн Х.Хасбаатарыг нас барснаас хойш хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээнгэж мэдэгдсэн юм. Харин 2023 онд болсон “Нүүрсний хулгай”-н сонсголын үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, “Админерал" ХХК-ийг тендерт ялахад нь дэмжлэг, нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй гэж хариулж байлаа.

Мөн сонсгол даргалагч Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан даргыг гэрчээр дуудсан. Шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний компани гэдэг мэдээлэл гарсан. Үүнд та юу хэлэх вэ” хэмээн Ц.Чулуунзагдаас асууж байсан юм.

ВИДЕО: 

Улмаар тус сонсголын үеэр, “Бортээгийн уурхайн эхний тендерийг цуцал, материалыг устга” үүргийг дээрээс өгч байсан. "Админерал" ХХК-нд 404 их наядын давуу байдал олгосон. "Админериал" ХХК нь 700 тэрбумын тендерийн халхавч дор Бортээгийн ордыг бүхэлд авах ажиллагаа явагдсан. "Админериал" ХХК нэг ч ажилтангүй тул НДШ огт төлөөгүй” зэрэг маш олон ноцтой асуудал яригдсан юм.

-Г.ЗАНДАНШАТАР: ХАРАМСАЛТАЙ НЬ УИХ-ЫН ДАРГА НҮҮРСНИЙ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН БАЙСАН-

Тэгвэл саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар “Нүүрсний хулгай”-тай тэмцэхийн тулд Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд томилж байгаагаа мэдэгдсэн бол өнөөдөр /2025.10.02/ тэрбээр УИХ-д тангараг өргөх гэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох тухай мэдэгдлийнхээ үеэр, “Бортээгийн ордыг ашиглах тогтоолыг өргөн баримагц, гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга /Д.Амарбаясгалан/ маань яаран сандарч намын даргад нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн … УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж, нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан” гэж мэдэгдсэн юм. 

ВИДЕО: 

Товчхондоо,  2023 онд болсон “Нүүрсний сонсгол”-ын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр цухас дурдагдаад өнгөрсөн. Харин энэ удаа Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сөхлөө. Магадгүй тэрбээр “нэг нам гээд хулгайгаа нуудаг” байдлыг сөрж магадгүй байна.