Манай улс олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Парламентын засаглал нь бидний тусгаар тогтнолын баталгаа. Энэ утгаараа парламентын нэр хүндийг хайрлаж хамгаалах зүй ёсны шаардлага байдаг бөгөөд энд ажиллах парламентын гишүүн нь өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой гэж үздэг.
-М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН АСУУДЛААР ГИШҮҮДЭЭС ГОМДОЛ ИРСЭН. АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ГОМДОЛ ИРВЭЛ ХЭЛЭЛЦЭНЭ-
Гэтэл сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүн парламентын нэр хүндийг унагах үйлдлийг удаа дараа хийж, олон нийтийн хатуу шүүмжлэлд өртөх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн олон нийтийн сүлжээнд бусдыг хэл амаар доромжлох, дайрч давшлах зэрэг үйлдлийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх хэмжээнд хүрээд байна. М.Нарантуяа-Нара нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон бөгөөд тухайн үед олон нийтийн зүгээс "Парламент олон өнгөтэй боллоо" хэмээн дүгнэж байсан. Гэтэл түүний ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрч тэр хэрээр парламентын засаглалын нэр хүндийг унагах, босгыг намсгах эрсдэл рүү түлхэж буй учир яалт ч үгүй анхаарах шаардлага үүсээд байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн талаар УИХ-ын нэр бүхий гишүүд Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт гомдол гаргаж эхэлжээ. Ингэхдээ албан ёсоор бичгээр гомдол гаргалгүй, аман байдлаар саналаа хэлсэн байна.
Удалгүй УИХ-ын зарим гишүүн Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад бичгээр өргөдөл гаргаж М.Нарантуяа-Нара гишүүний талаар хэлэлцэж магадгүй байна. УИХ-ын гишүүн нь ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж тухайн гишүүнд сануулах арга хэмжээ авах, гомдол гаргагчаас уучлал гуйхыг даалгах, 6 сар хүртэл цалингийн 20 хувийг хасах л арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай юм. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд яг нэг жилийн өмнө өөрийн сошиал хаягаар бараа сурталчилсан гэх үндэслэлээр сануулах арга хэмжээг авахуулж байсан билээ. Тэгвэл ямар тохиолдолд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалттай вэ. УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох талаар дараах байдлаар тодорхой заасан байдаг юм.
- 9.1. Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:
- 9.1.1. Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
- 9.1.2. хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- 9.1.3. хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
- 9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- 9.1.5. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
- 9.1.6. нас барсан.
Зөвхөн дээрх шалтгаанаар л УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "УИХ-ын гишүүдийн харилцдаг дотоод чат группт бичигдсэн зүйлийг олон нийтэд ил гаргаж, захидал харилцааны нууц задруулсан байх магадлалтай" гэж ярьсан.
- УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДВОЛ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬТАЙ . ХАРИН ЗАХИДАЛ, ХАРИЛЦААНЫ НУУЦ ЗАДРУУЛСАНГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭН ₮2-20 САЯАР ТОРГОХ, ХОРИХ ЯЛ ОНООНО ГЭЖ ХУУЛЬД ТУСГАЖЭЭ-
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь захидал, харилцааны нууц задруулсан нь тогтоогдвол Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хуулийн зохицуулалттай байна. Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд өөрчлөлт орж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 4.1.12 дахь заалтад "хүний эмзэг мэдээлэл"-д захидал харилцаа багтана хэмээн заажээ.
ХЭҮК-оос "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, 9 дүгээр үйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас (чат) нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн. Иргэд бие биеийнхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл бие биеийнхээ захидал харилцааны нууцыг цахим орчинд задруулсан нь тогтоогдвол торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял онооно.
Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан байдаг. Иргэд хоорондын харилцааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5- д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно" гэсэн байдаг. Тодруулбал, иргэдийн харилцсан чат нууц, эмзэг мэдээллийг цахим орчинд задруулсан нь тогтоогдвол ₮2-20 саяар торгох, хорих ял онооно гэж хуульд тусгажээ. Тэгэхээр түүнийг захидал харилцааны нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үү гэх асуулт тулгарч байна.