Канадын сансрын нисгэгч дэлхийгээс хэдэн зуун километрийн өндөрт байхдаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Канадын сансрын нисгэгч дэлхийгээс хэдэн зуун километрийн өндөрт байхдаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрык эхнэрээ амаржих үеэр дэлхийгээс хэдэн зуун километрийн өндөрт сансарт ажиллаж байжээ. Түүний эхнэр Хизер Кутрык охин төрүүлж, гэр бүл нь таван ам бүлтэй болсон талаар Канадын Сансрын агентлаг мэдээллээ.

Жошуа Кутрык өнгөрсөн аравдугаар сарын 1-нд SpaceX-ийн Crew-13 багийн бүрэлдэхүүнд багтан Олон улсын сансрын станц руу ниссэн бөгөөд зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ийнхүү анхны сансрын нислэгээ хийж буй тэрбээр сансарт үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хүүхдээ төрөхөд нь дэргэд нь байж чадаагүй түүхэн дэх дөрөв дэх сансрын нисгэгч болж байна.

Кутрык болон түүний эхнэр Хизер нар Канадын Сансрын агентлагаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ “Бидний хооронд асар их зай байгаа ч шинэ хүүхдээ гэр бүлдээ угтан авч буй энэ мөчид өөрсдийгөө маш ойрхон гэж мэдэрч байна. Өргөжин тэлж буй гэр бүлээрээ бид маш их бахархаж байна. Удахгүй тавуулаа дахин нэг дор цуглах өдрийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэд өмнө нь тав болон долоон настай хоёр хүүхэдтэй байсан бөгөөд шинээр мэндэлсэн охин нь гэр бүлийнх нь гурав дахь хүүхэд юм. Жошуа Кутрык сансарт нисэх нь хүүхэд насных нь мөрөөдөл байсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрэх замдаа гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг үргэлж авч иржээ. Тэрбээр хүүхдүүддээ мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөхийн үнэ цэнийг харуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, “Мөрөөдлийнхөө төлөө хичээх үнэ цэнтэй байдаг, шаргуу хөдөлмөр, тууштай зан чухал. Мөн гэр бүл, хамт олны дэмжлэгтэйгээр маш олон зүйлийг бүтээж болдгийг хүүхдүүддээ харуулахыг хүсэж байна” гэжээ.

Жошуа Кутрык нь Канадын Альберта мужийн Форт Саскачеван хотоос гаралтай. Тэрбээр сансрын нисгэгч болохоосоо өмнө Канадын Хааны Агаарын цэргийн хүчинд сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж, хурандаа цол хүртсэн бөгөөд 2017 онд Канадын Сансрын агентлагт элссэн байна. Тэрбээр NASA-гийн SpaceX Crew-13 багт сонгогдсон цорын ганц канад гишүүн бөгөөд багийн дөрвөн гишүүн Олон улсын сансрын станцад шинжлэх ухааны туршилт хийж, шинэ технологиудыг турших үүрэгтэй юм.

Харин түүний эхнэр Хизер Кутрык аравдугаар сарын 1-ний хөөрөлтийн өмнө Канадын CBC News сувагт өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхэн нь энэхүү нислэгт олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд сансарт нисэх нь удаан хүлээсэн мөч байсныг онцолжээ. Мөн нөхрийнхөө эзгүйд гэр бүл нь ойр дотнын хүмүүс, Канадын Сансрын агентлаг болон NASA-гийн дэмжлэгтэйгээр зургаан сарын хугацааг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CBC News