Томужин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мөнхжин, Б.Энхжин, Б.Хулан, Н.Анударь нар ахлах ангийн сурагч байх хугацаандаа зөвхөн хичээл номдоо анхаараад зогсохгүй, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаад буй хамгийн эмзэг асуудал болох аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө зоригтой алхам хийжээ.
Охид төслөө эхлүүлэхийн өмнө бодит нөхцөл байдлыг судлахаар Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсийн 5,336 иргэнээс судалгаа авчээ. Судалгааны үр дүн тэдэнд хийх ажлынх нь чиглэлийг тодорхой болгож өгсөн байна. Төсөл боловсруулж босгосон хөрөнгөөрөө тэд Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны хамгийн эрсдэлтэй, харанхуй гудамж, бүсүүдийг сонгон нийт 20 хяналтын камер суурилуулсан байна. Энэ нь тус хорооны 600 гаруй айл өрхийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд бодит хувь нэмэр оруулсан томоохон ажил болсон юм. Төсөл хэрэгжсэний дараах эргэх холбоо, үнэлгээгээр судалгаанд оролцсон иргэдийн 63 хувь нь "шөнийн цагаар зорчих айдас бодитоор буурсан" хэмээн хариулсан нь охидын хичээл зүтгэл хэр зэрэг үр дүнд хүрснийг илтгэнэ.