Польшийн эрх баригчид баасан гарагийн өглөө тус улсын агаарын орон зайд гурван нисдэг биет нэвтэрсний нэг нь Оросын Х-101 загварын далавчит пуужин байсан гэж мэдэгдлээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск уг үйл явдлыг санамсаргүй тохиолдол байсан гэж үзэхэд бэрх хэмээн мэдэгдсэн байна. Тухайн үед бүс нутагт барууны орнуудын цэргийн сургуулилалт болж байжээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд эд хөрөнгийн хохирол бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч Варшав Москвагийн үйлдлийг “өдөөн хатгалга” хэмээв
Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камышийн мэдээлснээр, Х-101 загварын далавчит пуужин Украины хилээс ойролцоогоор 50 км-ийн зайд орших Польшийн зүүн өмнөд хэсгийн Новы-Липовец тосгоны ойролцоох хөдөө аж ахуйн бүсэд унасан байна. Нарийвчлалтай бай онох зориулалттай уг пуужин орон нутгийн цагаар 06:30 цагийн орчимд газарт унажээ.
Пуужин унасан мөчийг фермийн хяналтын камер бичиж авчээ. Харин эрх баригчид оршин суугчдад аюул учраагүй гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна өөр нэг сэжигтэй пуужин Новы-Липовецээс баруун зүгт орших Рудник-над-Санем хотын ойролцоо, тийрэлтэт хөдөлгүүртэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж Моодычи тосгоны өмнөд хэсэгт унасан гэж Батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Эдгээр зөрчил нь ОХУ 2022 онд Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонуудынхаа нэгийг хийж байх үеэр болсон байна. ОХУ уг үйл явдалтай холбоотойгоор одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.