Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх орчныг хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран өнөөдрөөс буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурах ам зэрэг байршилд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух арга хэмжээ зохион байгуулах аж.
Иймд иргэд, оршин суугчид, аялагчдыг дээрх өдрүүдэд тухайн бүс нутагт ууланд алхах, аялахгүй байхыг анхааруулжээ. Мөн гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналтгүй сул тавихгүй байх, хүүхдийг тухайн бүсэд хараа хяналтгүй явуулахгүй байх, зэрлэгшсэн нохойтой таарвал ойртох, үргээх, барих гэж оролдохгүй байх, аюултай нөхцөл байдал илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, байгаль хамгаалах байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.