Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын авто паркийг шинэчлэх хүрээнд найман аймагт шинэ микро автобус гардууллаа.
16 хүний суудалтай “Nissan Caravan NV350” загварын микро автобусыг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад гардуулжээ. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагад дунд оврын автобусыг үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжийн автомашиныг ийнхүү найман аймагт хуваарилав. Төслийн дараагийн шатны автомашинуудыг бусад аймаг, дүүрэгт наймдугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд, залуус багаараа тэмцээн, наадамд оролцох нь нэмэгдэж байна. Тамирчдын аюулгүй, найдвартай тээвэрлэлт, хүүхэд хамгаалал улам чухал болов. Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчилснээр тамирчдыг бэлтгэл сургуулилалт, дотоод, гадаадын тэмцээн, наадамд аюулгүй зорчих, орон нутгийн спортын хөгжлийг дэмжих нөхцөл бүрджээ.
