"Бөх билэгт" дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал өнөөдөр эхэллээ.
Ойн баярын хуралд "Бөх билэгт" дэвжээний тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Мөнхбат оролцож, дэвжээний үе үеийн удирдлага, бөхчүүд, гишүүдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Энэ үеэр "Бөх билэгт" дэвжээний удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, дэвжээний тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагайг сонгожээ. Ингэснээр Ж.Мөнхбат дэвжээний тамга, тэмдгийг шинээр сонгогдсон тэргүүн Н.Алтаншагайд албан ёсоор гардуулан өгсөн байна.

"Бөх билэгт" дэвжээ нь сүүлийн 30 жилийн хугацаанд үндэсний бөхийн олон шилдэг тамирчныг эгнээндээ нэгтгэж, үндэсний бөхийн хөгжил, залгамж халааг бэлтгэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд 30 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн болон тэмдэглэлт арга хэмжээнүүд үргэлжлэх юм.