ФИФА хөгжлийн сангаа 2.5 дахин нэмэгдүүлж, МХБХ-д 20 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна

ФИФА хөгжлийн сангаа 2.5 дахин нэмэгдүүлж, МХБХ-д 20 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гишүүн 211 холбоондоо олгодог хөгжлийн сангийн хэмжээг дөрвөн жилийн мөчлөгт 8 сая ам.доллараас 20 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх санал гаргасан нь дэлхийн хөлбөмбөгийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тодруулбал, FIFA шинэ санхүүгийн бүтэц болох FIFA Forward Enterprise (FFE)-ийг байгуулж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн арилжааны эрхээс орлого бүрдүүлэх замаар урт хугацааны хөрөнгө оруулагчдаас 4.2 тэрбум ам.доллар татахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд гишүүн холбоодын хөгжлийн санг 2027-2030 онд 20 сая, 2031-2034 онд 22 сая, 2035-2038 онд 24 сая ам.доллар хүртэл үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавиад байна. иТэгвэл FIFA-ийн шинэ бүтцийг Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) болон зарим гишүүн холбоо эсэргүүцэж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний арилжааны эрхийг хувийн хөрөнгө оруулагчидтай холбож буй нь хөлбөмбөгийн засаглалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

Нөгөө талд манай орны хувьд FIFA Forward хөтөлбөрийн санхүүжилт шинэ зүйл биш юм. Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жилүүдэд энэ сангаас тогтмол дэмжлэг авч, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, хүүхэд, өсвөрийн болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, дасгалжуулагч, шүүгчдийн сургалт, лигийн зохион байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Мөн FIFA-гийн санхүүжилтээр өвлийн улиралд ашиглах Air Dome байгууламж, Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн төв, хиймэл зүлэгтэй талбай, гэрэлтүүлгийн систем зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн гэж тайлагнадаг. Гэсэн ч эдгээр хөрөнгө оруулалт Монголын хөлбөмбөгийн хөгжилд хэр бодит өөрчлөлт авчирсан бэ гэсэн асуулт хэвээр байна. Одоогийн байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг FIFA-гийн чансааны 190 дүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд Азийн тивдээ ч дорвитой ахиц гарсан гэж хэлэхэд хүндрэлтэй. Үүнээс гадна дотоодын лигийн өрсөлдөх чадвар, хүүхдийн академийн тогтолцоо, мэргэжлийн дасгалжуулагчдын нөөц, орон нутгийн хөлбөмбөгийн хөгжлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгааг салбарынхан онцолдог билээ. 




Таанагүй говь

4 цагийн өмнө