Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэх зорилгоор зохион байгуулж буй “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” их цэвэрлэгээний аянд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгат нуур болгосон бөгөөд нуурын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гурван үе шаттай их цэвэрлэгээний аян үргэлжилж байна. Тус аяны хүрээнд Хөвсгөл нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах, цаашид нуурын цэвэр байдлыг тогтвортой хадгалах зорилт тавин ажиллаж байгаа юм. Мөн Хөвсгөл нуурыг төрийн тахих ёслолыг 2026 оны наймдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.