Жюү жицүгийн ҮШБ-ийн ахлагч Г.Монголжин: Дэлхийн болон Азийн аваргаас олон медаль хүртсэн ч Төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний зорилго

Жюү жицүгийн ҮШБ-ийн ахлагч Г.Монголжин: Дэлхийн болон Азийн аваргаас олон медаль хүртсэн ч Төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний зорилго

ОУХМ Г.Монголжин бол Монголын жюү жицүгийн шигшээ багийн ахлагч, “Гаруда” клубийн тамирчин билээ. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль хүртэж, Монгол Улсаа олон улсын дэвжээнд төлөөлөн амжилттай өрсөлдөж яваа тамирчин юм.

Хамгийн сүүлд гэхэд тэрбээр хэдхэн хоногийн өмнө Казахстан Улсын Алмата хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл түүний эдгээр амжилт болон спортын замнал, гэр бүл, амьдралын үзэл, ирээдүйн зорилгынх нь талаар цөөг хором ярилцлаа.

ВИДЕО:

"АЗИЙН АВАРГЫН ГОЛ ЗОРИЛГО ЖИНДЭЭ ӨРСӨЛДӨЖ БУЙ ШИЛДГҮҮДТЭЙ БАРИЛДАХ АРГА ТАКТИКАА БОЛОВСРУУЛАХ БАЙСАН"

- Юун түрүүнд өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Ганбаатарын Монголжин гэдэг. Би “Гумудо Констракшн” компанийн тамирчин. Мөн “Гаруда” клуб болон Монголын жюү жицүгийн шигшээ багийн ахлагч. Жюү жицүгийн хар бүстэй тамирчин.

- Хамгийн сүүлд оролцсон тэмцээнээсээ ярилцлагаа эхэлье. Та сая ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээн таны хувьд хэр онцлог байв?

-Саяын тэмцээн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Миний хувьд энэ тэмцээн онцлогтой. Учир нь аравдугаар сард Азийн наадам болох гэж байгаа. Азийн наадамд оролцох тамирчдын сорил, өрсөлдөөн Азийн аваргын үеэр явагддаг. Тэр утгаараа жиндээ өрсөлдөж байгаа шилдэг тамирчидтай хэрхэн барилдах вэ, ямар арга тактик боловсруулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан. Энэ зорилгынхоо хүрээнд сайн барилдаануудыг хийж чадсан. Финалын барилдаанд эхэндээ хожиж явсан ч сүүлийн мөчид ялагдсан. Энэ нь ур чадварын зөрүү гэхээсээ илүү шийдвэр гаргалтын зөрүүнээс болсон гэж бодож байна. Гэхдээ энэ барилдаанаас хэрхэн ялах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаж чадсан гэж үзэж байгаа.

"ЭНЭ ЖИЛИЙН МИНИЙ ХАМГИЙН ОРГИЛ ЗОРИЛГО БОЛ АЗИЙН НААДАМ"

-2024, 2025, 2026 оны амжилтуудыг тань яриад байвал дуусахгүй байх. 2026 он талдаа орж байна. Та энэ оныг хэрхэн дүгнэж байна вэ?

-2026 он бол миний хувьд амжилтаа ахиулсан, хадгалсан, бататгасан жил болж байна. Энэ жил миний хамгийн том зорилготой жил. Тэр утгаараа цаг, минут, хором бүр зорилгодоо чиглэж байгаа. Тэмцээн бүр миний хувьд дараагийн шат руу ахих нэг алхам болж байна. Мөн жингээ багасгаж, 52 кг-ын жиндээ буцаж орсон. Тиймээс жингээ хасах, бие махбодоо дахин зохицуулах, жингээ зөв барих зэрэгт анхаарч байна. Дараагийн тэмцээнүүддээ улам сайн амжилт үзүүлж, зорьж байгаа оргилдоо хүрэхийн төлөө явж байна. Одоогоор миний өмнө дэлхийн аварга болон Гранпригийн хоёр тэмцээн үлдсэн. Мэдээж дэлхийн хэмжээний амжилтууд хамгийн том амжилт гэж боддог. Манай төрөл бүсний болон бүсний ангилалгүй гэсэн хоёр төрлийн дэлхийн аваргатай. Би бүсний ангилалгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн бүсний ангилалтай буюу хар, бор бүсний ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальтай. Үүнээс гадна Азийн аваргын хоёр мөнгөн медаль, Дэлхийн тулааны наадмын хүрэл медальтай. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдээс гаргасан амжилтууд маань миний хамгийн том амжилтууд гэж хэлж болно.

- Энэ жилийн хувьд таны оргил зорилго хаана байна вэ?

-Энэ жилийн хувьд миний хамгийн оргил зорилго бол Азийн наадам. Өнгөрсөн Азийн наадам дууссанаас хойш л энэ тэмцээнд зориулж бэлтгэлээ эхэлсэн. Тиймээс энэ зорилгынхоо төлөө өнгөрсөн хугацаанд бүх хоног, цаг мөчөө зориулж ирсэн гэж хэлж болно.

- Одоо удахгүй оролцох гэж байгаа тэмцээнийхээ талаар яривал?

-Одоо дэлхийн аваргад оролцохоор хэдхэн хоногийн дараа явна. Ямар ч тамирчны хувьд жил бүр болдог дэлхийн аварга хамгийн чухал, том тэмцээнүүдийн нэг байдаг. Миний хувьд ч мөн адил том тэмцээнүүдийн нэг. Тиймээс дэлхийн аваргаас амжилт гаргахыг зорьж байна.

"ДЭВЖЭЭНД ГАРАХ БҮРДЭЭ АМЬДРАЛЫНХАА ХАМГИЙН ГОЁ МӨЧҮҮДИЙН НЭГИЙГ МЭДЭРДЭГ"

- Та олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулсан тамирчин. Ийм том тэмцээнүүдийн өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулж, дэвжээнд гардаг вэ?

-Мэдээж туршлага хуримтлуулж байна. Ерөнхийд нь харвал одоо илүү итгэлтэй болсон. Би тэмцээний өмнө ерөнхий зургаа харж, “Би юу хийх ёстой вэ” гэж өөрөөсөө асуудаг. Өрсөлдөгч тамирчин юу хийх бол гэдгээс илүү би юу хийж, ямар давуу талаараа энэ хүнийг хожиж чадах вэ гэдэгтээ өөрийгөө бэлддэг.  Миний хувьд эцсийн үр дүнгээс илүү яг одоо миний өмнө байгаа давааг хамгийн сайн давах нь чухал. Өөрийгөө 100, 200 хувь дайчилсан ч хамаагүй, урдах даваагаа хамгийн сайн давахыг хичээдэг. Жишээлбэл, одоо би жингээ хасах ёстой бол жингээ хасах нь миний хамгийн чухал асуудал. Дараагийн асуудалд анхаарлаа хуваахгүйгээр тухайн үед тулгарч байгаа асуудал бүрдээ өөрийгөө бэлдээд явдаг. Сэтгэл зүйн хувьд ч одоо улам сайхан болж байна. Тэмцээн бүрд оролцож, дэвжээнд гарах тусам тэр мэдрэмж улам гоё болж, илүү их хөглөгддөг. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг гэдгийг улам бүр мэдэрч, аз жаргалтайгаар дэвжээнд гардаг болсон. Өмнө нь бол сандрах, түгших, зовних үе байсан. Харин одоо дэвжээн дээр байгаа тэр цаг хугацаанд өөрийнхөө юу хийж чадахыг харах нь илүү догдлом, сонирхолтой санагддаг болсон.

- Тэмцээн, амжилтын талаар олон зүйл ярьж болно. Гэхдээ энэ удаагийн ярилцлагаараа Г.Монголжин гэдэг хувь хүний тухай илүү ярилцмаар байна. Та энэ спорттой холбогдохоосоо өмнө өөр мэргэжилтэй байсан. Мөн багаасаа жюү жицүгээр хичээллэсэн хүн биш. Тэгвэл таныг энэ спорт руу юу хөтөлсөн бэ?

-Заримдаа бодоход аливаа зүйлд хэт их ач холбогдол өгөлгүй, зориглоод шийдвэр гаргаж чаддаг байсандаа баярладаг. Тухайн үед би дөнгөж оюутан болсон байсан. Ямар спорт сонгох вэ эсвэл хичээл номдоо анхаарч, мэргэжлээрээ ажиллах уу гэдэг сонголттой тулгарч байсан.  Би айлын том хүүхэд учраас баталгаатай замыг сонгох нь илүү чухал санагддаг байлаа. Гэхдээ жюү жицүг орхиж чадаагүй. Бэлтгэлээ ч хэзээ ч тасалж байгаагүй. Хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийж ирсэн. Энэ спортод дуртай болоход зөвхөн спорт өөрөө биш, хүмүүсийн харилцаа, тэр орчин их нөлөөлсөн. Жюү жицү бол хүнтэй зөвхөн биеэрээ өрсөлдөхөөс гадна дотроо харилцаж, нэг нэгнээсээ суралцдаг спорт. Өсвөр наснаас нийгэмд дөнгөж гарч ирж байгаа оюутан хүний хувьд энэ орчин их гоё санагдсан. Тэгээд бага багаар өсөж, өчигдөр чадаагүй зүйлээ маргааш чаддаг болж, тэр бүрээсээ урам авч явсаар ирсэн. Тухайн үедээ “ийм мундаг тамирчин болно” гэж төсөөлж байгаагүй. Ямар ч байсан миний хувьд өнөөдрийн баримталдаг зарчим тухайн үед ч байсан. Цаг мөч бүрээ аль болох сайн өнгөрөөж, хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийж явсан. Үүний үр дүн гарвал гарна гэж боддог байсан. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан. Одоо спортын холбоондоо ажиллаж байна. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой юм шиг санагддаг. Сэтгэл судлал, боловсрол, спорт бүгд хоорондоо холбоотой. Би саяхан магистрын зэргээ хамгаалсан. Цаашдаа мэргэжлийнхээ хувьд дараагийн түвшинд ахих, шинэ зүйлсийг сурах талаар бодож байгаа.

"ААВ, ЭЭЖИЙН МИНЬ ИТГЭЛ НАДАД ХАМГИЙН ТОМ ХҮЧ ӨГСӨН"

-Анх спортын тамирчин болж эхлэхэд ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байсан бэ. Ялангуяа айлын охин хүүхэд спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь санаа зовох тохиолдол байдаг шүү дээ.

-Хамгийн анх аав бид хоёр их гоё ойлголцож эхэлсэн. Би спортоор хичээллэж эхлэх үед аав маань ч надад итгэл найдвар тавьж байсан. Би ч өөрөөсөө “Би юу хийж чадах бол” гэж бодож, өөртөө итгэлтэйгээр эхэлсэн.  Хамгийн гол нь итгэл байсан. Аав, ээж хоёр маань намайг “Чи чадна аа. Миний охин хийж л бай. Чи чадна шүү дээ” гэж үргэлж дэмждэг байсан. Тэр итгэл нь надад маш их хүч өгсөн. Бэлтгэл бүрийн дараа аавтайгаа ярилцдаг байсан. Тэр бол миний хувьд маш үнэ цэнтэй цаг хугацаа. “Би чадна юм байна, би болох юм байна” гэсэн мэдрэмжийг надад өгдөг байсан. Мөн “Би чухал зүйл хийж байгаа юм байна” гэсэн итгэл төрдөг байлаа. Их сургуулиа төгсөөд ажил мэргэжлээрээ гарах үед “Одоо спортоо болиод ажил, ирээдүйгээ бодох хэрэгтэй биш үү” гэсэн асуудал гарч ирсэн. Гэхдээ тэр үед миний спортын карьер дөнгөж эхэлж, олон улсын түвшинд өөрийн байр сууриа эзэлж эхэлж байсан үе. Тиймээс тэр үед би гэрийнхэндээ өөрийгөө илүү нотолж, “Би энд чадна шүү” гэдгээ харуулах хэрэгтэй болсон. Ажил мэргэжлээс илүү спортоо сонгож, спортын карьераа хөөх цаг нь мөн гэдгийг өөрийнхөө амжилтаар нотолж харуулсан гэж боддог.

- Та олон томоохон тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргасаар ирсэн. Амжилт гаргаад ирэх бүрд гэр бүлийнхэн тань анхных шигээ хүлээж авахаа больсон байх. Анх хэрхэн хүлээж авч байсан тухай дурсвал.

-Тийм ээ. Хамгийн анх би цагаан бүсний сонирхогчдын дэлхийн аварга биш, “Дэлхийн фестиваль” гэж нэрлэгддэг тэмцээнд оролцож байсан. Тэр үед ах, дүү нар маань бүгд нийлж, миний тэмцээнд оролцох зардлыг гаргаж, явуулж байсан. Тэгээд тэмцээнд очоод ямар түвшний тэмцээн болохыг мэдэрсэн. “Энд би дутуу юм байна, илүү их хичээх хэрэгтэй юм байна” гэдгээ ойлгосон. Тэр үеэс хичээллэлтээ улам шаргуу болгож эхэлсэн. Тухайн үед гэрийнхэн маань амжилтыг минь маш их баярлаж хүлээж авдаг байсан бол одоо тэмцээний амжилтын түвшин маань өсөж байгаа ч анхных шигээ сүртэй хүлээж авах нь багассан. Би ч өөрөө тэгэхээ больсон. Байнга сүр дуулиантайгаар хүлээж авахаар санаа зовно шүү дээ.

- Тамирчны замналд бэртэл гэмтэл авах, шантрах, бүхнийг орхиод явмаар санагдах үе байдаг. Тийм үе танд байсан уу?

-Их сургуулиа төгсөөд ажилд орсны дараа тодорхой хугацаанд, хэдэн сар эсвэл хагас жил орчим спортоосоо бага зэрэг хөндийрсөн үе бий. Гэхдээ хүсэл сонирхол буурсан эсвэл шантарсандаа бэлтгэлээ бүрэн орхисон зүйл байгаагүй.  Тэр үед ажиллаж байсан газар маань ч жюү жицүтэй холбоотой байсан учраас би энэ спорттой үргэлж хамт байсан. Тэгээд буцаж ирэхдээ спортоо бүр илүү санасан, илүү зорилготой болсон. Олон улсын тэмцээнүүдэд бэлдэх, Азийн наадамд оролцох зорилготойгоор буцаж ирсэн. Өмнөхөөсөө илүү хүсэл тэмүүлэлтэй, илүү зорилготой болсон. 2022 онд буцаж ирснээсээ хойш эргэлт буцалтгүйгээр зорилгынхоо төлөө явсан. Тэмцээнээ алгасахгүй, бэлтгэлээ таслахгүй, яг зорьсон зүг рүүгээ тууштай явж ирсэн.

"ЖЮҮ ЖИЦҮ НАМАЙГ ХЭН Ч БАЙЖ, ЮУ Ч ХИЙЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГҮҮЛСЭН"

- Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Спортоо үргэлжлүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ дараагийн үеийн тамирчдыг бэлтгэх үү?

-Би амьдралд харьцангуй өндөр амбиц, хүсэл тэмүүлэлтэй хүн. Ирээдүйд ямар нэгэн байдлаар Монгол Улсад хэрэгцээтэй зүйл хийж бүтээх ёстой гэж боддог. Миний эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажил, хичээллэж байгаа спорт гээд бүх зүйл намайг хөгжүүлж, эх орондоо хэрэгтэй хүн болоход чиглэж байна гэж боддог. Цаашдаа спортоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, спортоосоо бүрэн холдохгүй, спортын хөгжилд илүү хүчтэй хувь нэмэр оруулдаг хүн болохыг хүсдэг. Харин дасгалжуулагч болж, хүүхдүүд бэлтгэх нь миний гол сонирхол биш. Спортыг хөгжүүлэх нь өөрөө миний сонирхол. Монгол хүнийг хөгжүүлэх, монгол хүний эрүүл мэнд, эрүүл сэтгэлгээнд хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ гэдэгт илүү анхаардаг. Мөн боловсролын салбарыг их сонирхдог. Тэр ч утгаараа энэ намраас докторын түвшинд суралцах сонирхолтой байгаа.

- Спортоор хичээллэснээр таны амьдралд хамгийн том өөрчлөлт юу байсан бэ?

-Спортоор хичээллэснээрээ Г.Монголжин гэдэг хүнийг илүү нээж чадсан гэж боддог. Би илүү нээлттэй болж, хүсэл тэмүүлэл маань ч өссөн. Би дэлхийн медаль хүртэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би багадаа өөрийгөө нэлээд сул дорой хүүхэд гэж боддог байсан. Гэхдээ спортод зориулагдсан тусгай бие махбодтой хүн гэж байдаггүй юм байна. Спортод зориулагдаж төрсөн хүн гэж байхгүй. Бүх зүйл хөдөлмөр, хичээл зүтгэл, бэлтгэлээс бий болдог юм байна гэдгийг ойлгосон. Энэ зүйлийг мэдэрсэн маань миний амьдралыг харах өнцөгт их нөлөөлсөн. Би ямар нэгэн зүйлд заавал зориулагдаж төрсөн хүн биш ч хичээл зүтгэлээрээ бүхнийг хийж чадна гэдэг маш том урам зоригийг авсан. “Би хэн ч байж чадна, би юу ч хийж чадна” гэсэн урам зоригтой болсон. Гэхдээ спортоор хичээллэснээсээ хойш одоогоор өөртөө бүрэн сэтгэл ханаж, амьдралынхаа оргилд хүрсэн мэт тэр мэдрэмжийг хараахан аваагүй байна. Би төрийн дууллаа эгшлүүлж, тэр жинхэнэ оргил мөчийг мэдрэхийг зорьж байгаа. Тиймээс тэр оргилдоо хараахан хүрээгүй учраас өдөр бүр “Өнөөдөр нэг шат ахилаа”, “Өнөөдөр ийм зүйл хийлээ” гээд алхам алхмаар урагшилж байна.

- Танд жюү жицү спортын талаар хүмүүс илүү ойлгоосой гэж хүсдэг зүйл бий юү?

-Хүмүүс спортыг ихэвчлэн өөрийнхөө биеийн өгөгдөлтэй холбож төсөөлдөг. “Би ийм биеийн онцлогтой учраас спортоор хичээллэж чадахгүй” гэж боддог байх. Харин жюү жицүгийн хувьд хэн ч байсан, ямар ч биеийн онцлогтой байсан хичээллэж болох, өөрийгөө хөгжүүлэх боломжтой спорт. Тиймээс жюү жицүг сонирхож байгаа бол заавал туршаад үзээсэй, хичээллээд үзээсэй гэж хэлмээр байна. Жюү жицү бол нийт ард иргэдийн бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндэд хувь нэмэр оруулж чадах спорт. Тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө хамгаалж сурах нь анхан шатны мэдлэгийн нэг байх ёстой гэж боддог. Биеэ хэрхэн ашиглаж, өөрийгөө хамгаалж, шаардлагатай үед бусдыг ч хамгаалж чаддаг болох нь эмэгтэйчүүдэд маш том давуу тал болно. Мөн нийгмийн харилцааны хувьд ч жюү жицү их давуу талтай. Янз бүрийн салбарын хүмүүс энэ спортоор хичээллэдэг. Тэнд ахмад хүмүүстэй ч, үеийнхэнтэйгээ ч, дүү нартайгаа ч харилцаа үүсгэж, олон төрлийн нөхөрлөлийг бий болгодог. Тэр бүх харилцаан дунд хүн өөрөө хөгждөг. Тиймээс жюү жицү бол зөвхөн спорт биш, хүний хөгжлийн хувьд маш өргөн хүрээтэй спорт гэж хэлмээр байна.

"ТЭМЦЭЭНД ОЧИХДОО, БАРИЛДАЖ ДУУСААД Ч ХАМГИЙН ТҮРҮҮНД МОНГОЛ УЛСАА БОДДОГ"

- Ялалтын мөчид, медаль хүртэх үед хамгийн түрүүнд юуны тухай боддог вэ?

-Тэмцээнд очихдоо, барилдаж дуусаад ч хамгийн түрүүнд Монгол Улсаа боддог. Саяхан финалын барилдааны дараа ч “Уучлаарай, би алтан медаль авч чадсангүй. Төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Би Монгол Улсыг төлөөлж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдаж байгаа учраас маш том хариуцлага хүлээж байгаа мэт мэдрэмж төрдөг. Дараа нь намайг бэлтгэсэн дасгалжуулагч, багш нартаа ханддаг. “Баярлалаа, багш аа. Уучлаарай, багш аа” гэж хэлэх нь хамгийн түрүүнд бодогддог. Мөн гэр бүлийнхэн, ялангуяа аав, ээж маань үргэлж итгэл найдвар тавиад, намайг дэмжээд сууж байдаг. Тиймээс тэднийгээ ч боддог. Харин сүүлийн үед нэг зүйл өөрчлөгдсөн. Би багийнхаа тамирчдын дунд ахмад тамирчдын нэг болж байна. Тэгэхээр дүү нараа боддог болсон.“Би тэдэнд ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ, ямар медаль авах вэ, ямар барилдаан үзүүлэх вэ, ямар зан чанартай байх вэ” гэдэг маань дүү нартаа үргэлж үлгэр болж байгаа гэж боддог. Тиймээс тэдний өмнө бас хариуцлага хүлээж байгаа мэт санагддаг.

- Танд цаашдын тэмцээнүүдэд тань амжилт хүсье. Төрийн дууллаа эгшлүүлж, аваргын медаль хүртсэнийхээ дараа дахин ярилцлага хийх ерөөл дэвшүүлье.

-Тэгэлгүй яах вэ. 2023 онд анх Дэлхийн тулааны наадмаас медаль хүртэхэд намайг “Медальтан” нэвтрүүлэгт оролцуулж байсан. Тэр үед надад их ерөөлтэй санагдаж байсан.  Яг тэрэн шиг таны хэлж байгаа энэ ерөөлийг би бас хүлээж авч байна. Аварга болж, төрийн дууллаа эгшлүүлсэн тэр Г.Монголжин харахыг хүсэж байна. Тэр Г.Монголжинг бүтээхэд итгэж, ард минь бат зогсож байгаа багш нар, гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Өнөөдрийн Монголжинг бий болгоход би амьдралынхаа долоо, найман жилийг зориулсан. Энэ хугацаанд олон багш намайг өдий зэрэгт хүргэсэн. Жюү жицүгийн хар бүсэнд хүрэхэд минь тусалж, намайг өдий зэрэгт хүргэсэн бүх багш нартаа маш их баярладаг гэдгээ дахин хэлмээр байна. Мөн тэмцээн уралдаандаа итгэлтэй, амжилттай оролцож явахад ард минь бүрэн бат зогсож байгаа спонсор компани болох “Гумудо Констракшн”-д маш их баярладаг. Манай захирал н.Бүрэнжаргал ах томоохон тэмцээнүүдэд хүртэл надтай хамт явж, дэмжиж, урам зориг өгдөг. Энэ бол миний хувьд хамгийн том дэмжлэг, хамгийн хүчтэй урам зоригийн нэг. Би компанидаа маш их баярладаг. Цаашид бид хэр удаан хамтарч ажиллахыг мэдэхгүй ч өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд надад үзүүлсэн дэмжлэгт нь маш их баярлаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө