Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна

Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна

Монгол Улс 2025–2029 оны хугацаанд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын төлөөлөгчид Дэлхийн өвийн хорооны ээлжит чуулганд санал өгөх бүрэн эрхтэй гишүүн улсын хувиар оролцож байна.

Чуулганы эхний өдрүүдэд 47 дугаар чуулганы шийдвэрийн хэрэгжилт, зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвийн хадгалалт, хамгаалалтын үнэлгээний тайланг хэлэлцжээ. Мөн Дэлхийн өвийн жагсаалт болон Аюулд өртсөн өвийн жагсаалтад оруулах шинэчлэлтүүдийг авч үзэж, ICOMOS, IUCN зэрэг зөвлөх байгууллагуудын техникийн үнэлгээнд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Түүнчлэн томоохон дэд бүтэц болон мега төслүүд нь дэлхийн өвийн бүрэн бүтэн байдалд хэрхэн нөлөөлж болохыг үнэлэх асуудлыг чухалчлан хэлэлцжээ. Монгол Улс Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний соёлын өвөө дэлхийн түвшинд сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна. Энэ үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг төлөөлөгчид ханган ажиллаж байгаа аж. Тус чуулганд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.