СУРВАЛЖИЛГА: Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд зориулсан замыг “автомашины зогсоол” болгон ашиглаж байна

СУРВАЛЖИЛГА: Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд зориулсан замыг “автомашины зогсоол” болгон ашиглаж байна

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилгоор замын хөдөлгөөний шинэ дэд бүтцийг нэвтрүүлж буй. Үүний нэг илрэл нь УИХ-аас баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон "20 минутын хот" төслийн хүрээнд хийгдэж буй унадаг дугуй, скүүтер, мопедийн зориулалттай ногоон зурвас зам юм.

ВИДОЕ:

ДООГООР УЛААНБААТАР ХОТЫН ТАВАН ДҮҮРЭГТ ЭНЭ ЗУН НИЙТ 73.2 КМ ДУГУЙН ЗАМЫГ БАЙГУУЛААД БАЙНА-

Хотын захиргаанаас 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөсөн. Одоогоор Улаанбаатар хотын таван дүүрэгт энэ зун нийт 73.2 км дугуйн замыг цутгамал ногоон зурвасаар байгуулж байгаа бөгөөд одоогоор Баянзүрх дүүрэгт (29.33 км), Баянгол дүүрэгт  (20.11 км), Сүхбаатар дүүрэгт (14.36 км), Чингэлтэй дүүрэгт  (4.35 км), Сонгинохайрхан дүүрэгт (3.5 км) замыг байгуулсан юм.

Бид Баянбүрдийн уулзвараас 32-ын тойрог хүртэлх шинэчлэгдсэн замын дагуух ногоон зурвасыг зорив. Дүрэм ёсоор скүүтер, мопед унагчид л зорчих ёстой уг зам дээр цуварсан олон автомашинууд эгнэн зогсжээ. Төлөвлөлт, тэмдэглэгээ хийгдсэн ч хяналт сул байгаагаас үүдэн уг хэсэг бүрэн утгаараа "автомашины зогсоол" болон хувирсан дүр зураг угтлаа.

Уг зам дээр машинаа байршуулсан жолооч нарын байр суурийг тодруулахад тэд хотод тулгардаг хамгийн том асуудал болох зогсоолын хомсдолыг дурдаж байв.

Нэг жолооч"Энэ хавьд машинаа тавих ямар ч зогсоол байхгүй. Ажил хөөцөлдөх, дэлгүүр орох гээд яах ч аргагүй болохоор л түр хугацаагаар энд машинаа зогсоож байна. Хэрэв хангалттай зогсоол байсан бол хэн дугуйн зам дээр машинаа тавихыг хүсэх вэ дээ" хэмээн аргагүйдсэн байдлаа тайлбарласан юм.

Өөр нэгэн жолооч “Угаасаа ямар ч зохион байгуулалт байхгүй ийм юм хийчихээр зөрчил үүсэж л таараа. Зогсоол сайтай байсан бол хэн ч энд зогсохгүй. Юу гэдэг нь мэдэгдэхгүй ийм юм хийчихээд голд нь хаячихаж байгаа болохоор өөр  аргагүй биз дээ” гэсэн юм.

-БИД НОГООН ЗУРВАС ЗАМААР ЯВАХ ЁСТОЙ Ч МАШИН ТАВЬЧИХСАН БОЛОХООР ЯВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БАЙНА-

Харин цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан иргэд "Уг нь хуулиараа бид явган хүний замаар явж болохгүй, энэ ногоон зурвасаар явах ёстой. Гэтэл зориулалтын зам дээр нь машин тавьчихсан болохоор явах ямар ч боломжгүй байна. Авто зам руу орж явъя гэхээр машинуудын дундуур маш осолтой, амь насанд ч эрсдэлтэй. Арга буюу явган хүний зам руу орохоор явган зорчигчидтой мөргөлдөх, шахах зэргээр хөдөлгөөнд оролцоход үнэхээр хүндрэлтэй байна" гэв.

Нийслэлээс цаашид ч олон арван километр ногоон зурвас зам тавихаар төлөвлөж байгаа. Гэвч Баянбүрдийн дугуйн замын бодит байдал дээр энэ ямар ч хяналт, зохицуулалтгүй байгаа юм. Замын зарим хэсгийг ногоон өнгөөр будаж, хууль дүрэм батлаад орхих биш, жолооч нарт зориулсан зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол ногоон зурвас замууд цаашид ч "ногоон зогсоол" хэвээр үлдэх магадлалтай байгаа юм.




Өнөөдөр гахай

1 цагийн өмнө