Шадар сайд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын ажлын тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр ирэх жил ашиглалтад оруулах наадмын шинэ цогцолборын шавыг есдүгээр сард тавихаар төлөвлөж буйг мэдээлэв. Шинэ цогцолборын зураг төсөлд хүндэтгэлийн хүрээ, эрийн гурван наадам, шагайн харвааны зориулалтын байгууламж, аялал жуулчлалын бүс, инженерийн дэд бүтэц, авто зам, зогсоол, үйлчилгээний талбай зэрэг шаардлагатай бүтээн байгуулалтыг иж бүрнээр нь тусгаж байгаа аж. Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд допингийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, дэвшилтэт технологийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэг ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хорооны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.