Монгол, Япон Улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой болон Хубилай хааны Япон Улсад хийсэн аян дайны 750 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнүүдийн хүрээнд Японы түүхэн сурвалжийн хуулбарыг Монголын талд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, 2024 онд зохион байгуулсан “Энх тайвны төлөөх мөргөл”, “Монгол–Японы морьт харваачдын хамтарсан үзүүлбэр”, “Монгол, Японы түүхч, эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал” зэрэг арга хэмжээг Япон Улсын Фүкүока хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Ш.Алтан-Эрдэнэ, тус консулын газрын менежер П.Туяа нар Монголын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Эдгээр арга хэмжээг дэмжиж ажилласан Япон Улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) өөрийн хувийн цуглуулгаас Японы үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метр урт хуулбарыг Монголын талд хандивлан гардуулжээ.
Уг хуйлмал бичиг нь 1274, 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгагийн захиалгаар дүрслэн бүтээсэн түүхэн сурвалж юм. Энэ нь XIII зууны Монгол, Японы харилцаа, цэргийн түүх, зэр зэвсэг, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой эх хэрэглэгдэхүүнд тооцогддог байна. Хуулбарыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон Хархорум музейн захирал Т.Баяраа нарт албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэн болон олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийхээр болжээ.