“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган долдугаар сарын 19-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганы онцлох асуудлын нэг нь Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх эсэх асуудал юм.

Энэ жилийн чуулганаар дэлхийн улс орнуудаас өргөн мэдүүлсэн 30 шинэ өвийн нэр дэвшлийг хэлэлцэхээс гадна өмнө бүртгэгдсэн 147 өвийн хамгаалалт, хадгалалтын өнөөгийн байдлыг үнэлэн хэлэлцэж байна. Хэрэв Монголын нэр дэвшүүлсэн дурсгалт цогцолбор Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдвэл Монгол Улсын дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын өвийн тоо дахин нэгээр нэмэгдэх ач холбогдолтой юм.

“Хүннүгийн язгууртны цогцолбор” нь МЭӨ III зуунаас МЭ I зууны хооронд Евразийн тал нутгийг захирч байсан Хүннү гүрний язгууртан, дээдсийн булш, тахилгын байгууламж, археологийн иж бүрэн дурсгалуудыг хамардаг.

Монгол орны төв болон хойд бүсэд орших эдгээр булш нь том чулуун далантай дөрвөлжин хэлбэрийн байгууламж, урт үүдэвч, дагалдах тахилгын байгууламжаараа онцлог. Археологийн малтлагаар алт, мөнгөн эдлэл, хүрэл болон төмөр зэвсэг, торго, ваар сав, адууны тоног хэрэгсэл зэрэг олон улсын худалдаа, соёлын харилцааг илтгэх ховор олдворууд илэрсэн байдаг. Судлаачдын үзэж буйгаар эдгээр дурсгал нь Евразийн нүүдэлчдийн төр улсыг байгуулсан анхны томоохон эзэнт гүрний төрийн зохион байгуулалт, язгууртны оршуулгын зан үйл, тухайн үеийн соёл иргэншлийн хөгжлийг тодорхой харуулдаг ажээ.