“The MongolZ” багийн шинэ бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа анхны тэмцээн болох “BLAST Bounty Summer 2026” маргааш эхэлнэ

“The MongolZ” багийн шинэ бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа анхны тэмцээн болох “BLAST Bounty Summer 2026” маргааш эхэлнэ

Монголын цахим спортын тэргүүлэгч “The MongolZ” баг зуны шилжилт хөдөлгөөний цонхоор үндсэн бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийснээ албан ёсоор зарласан. Тус баг олон улсын туршлагатай тоглогчид элсүүлэхийн оронд дотоодын залуу тоглогчдоо дэмжих, академиасаа тамирчин бэлтгэх урт хугацааны бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр шинэ тоглогчийг үндсэн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн байна.

Бүрэлдэхүүний өөрчлөлтөөр багийн гол тоглогчдын нэг Б.Аюуш (Мzinho) BC.Game багт нэгдэж, А.Ууганбаяр (Сobrazera) сэлгээний бүрэлдэхүүнд орсноор үүссэн хоёр сул орон тоог 17 настай Ц.Золбаяр “Тikuak”, болон 18 настай Д.Ирээдүй “DarkMeister” нар нөхөхөөр болжээ.

Ц.Золбаяр “Тikuak” нь Chinggis Warriors багаас The MongolZ-д нэгдэж байгаа бөгөөд бүсийн тэмцээнүүдэд үзүүлсэн өндөр амжилтынхаа ачаар “HLTV Prospects” жагсаалтад тогтмол нэрлэгдэж, 1.15 рейтингтэйгээр Монголын хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэгт тооцогдож байна. Харин Д.Ирээдүй “DarkMeister” нь The MongolZ Academy багаас үндсэн бүрэлдэхүүнд шууд дэвшсэн юм. Тэрээр академийн түвшний тэмцээнүүдэд тактикийн зөв шийдвэр, туслах үүргээ тогтвортой өндөр түвшинд гүйцэтгэснээр дасгалжуулагчдын итгэлийг хүлээжээ.

Шинэ бүрэлдэхүүний анхны томоохон тэмцээн нь маргааш буюу долдугаар сарын 24-ний 19:30 цагаас эхлэх “BLAST Bounty Summer 2026” тэмцээн байх юм. Тэмцээний эхний шатанд (Round of 32) дэлхийн шилдэг багуудын нэг “HEROIC” тавдугаар эрэмбийн “The MongolZ” багийг өрсөлдөгчөөрөө сонгосон юм.