Өчигдөр буюу долдугаар сарын 21-ний 23:50 цагийн орчимд “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай эрэгтэй нь хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн бөгөөд хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний зургаан сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5091 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Иймд иргэдийг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.