СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Туул, Үүр, Хараа зэрэг голууд үерийн түвшнийг 40 см хүртэл давжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Үүр, Хараа зэрэг голууд үерийн түвшнийг 40 см хүртэл давжээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнөөдөр /2026.07.11/ үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ гаргаж, гол мөрний усны түвшин нэмэгдэж буйг анхаарууллаа.

Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас усжих Эг, Бэлтэс, Үүр, Шишгэд, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Хараа, Сөгнөгөр, зүүн хажуугийн Балж, Хангайн нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өвөрийн Байдраг, Шаргалжуут, Цагаантүрүүт, Богд, Таац, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-75 см нэмэгджээ.

Мөн өнөөдрийн байдлаар Үүр, Хараа (Дархан хот), Халх (Ховд сум), Буянт (Мянгад сум), Хархираа (Тариалан сум), Туул (Лүн сум), Сөгнөгөр (Батсүмбэр сум) зэрэг голууд үерийн түвшнийг 5-40 см даван үерлэж байгаа аж.

Түүнчлэн долдугаар сарын 12-нд Дэлгэрмөрөн, Бэлтэс, Орхон, Сэлэнгэ, Чулуут, Байдраг, Эг, Хараа, Ерөө, Туул, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын усны түвшин огцом нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.