Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.10) үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад 1990-1992 оны Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 оны УИХ-ын дарга Р.Гончигдорж, 1992-1996 оны УИХ-ын дарга Н.Багабанди, 2001-2004 оны УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2004-2005 оны УИХ-ын дарга Н.Энхбаяр, 2008-2012 оны УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, 2012-2016 оны УИХ-ын дарга З.Энхболд, 2016-2019 оны УИХ-ын дарга М.Энхболд, 2019-2024 оны УИХ-ын дарга Г.Занданшатар, 2025-2026 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал нар оролцов.
Харин 2007-2008 онд УИХ-ын даргаар ажилласан Төрийн шагналт Д.Лүндээжанцан биеийн байдлын улмаас, 2024-2025 онд УИХ-ын даргаар ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байсан тул уулзалтад хүрэлцэн ирж чадсангүй.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 36 жил, шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлаа байгуулснаас хойш 34 жил өнгөрснийг онцолж, энэ хугацаанд үе үеийн парламентын дарга нар төрийн залгамж чанарыг хадгалан, парламентын ардчилал, хууль дээдлэх ёс, хууль тогтоох байгууллагын бие даасан байдлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Тэрбээр мөн парламент болон парламентад суудалтай улс төрийн намууд улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл, хамтын ажиллагааны үр дүнд нээлттэй парламентын шинэчлэлийг урагшлуулж байгааг хэлэв. Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болгоход тодорхой ахиц гарсныг онцолсон байна.