Даагандаа түрүүлж, шүдлэндээ айрагдсан хээр үрээ хязаалангийн түрүүг хүртлээ

Даагандаа түрүүлж, шүдлэндээ айрагдсан хээр үрээ хязаалангийн түрүүг хүртлээ

Монгол төрийнхөө их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 190 гаруй хүлэг уралдсанаас Төв аймгийн Бүрэн сумын уяач Хүрэлбаатарын Улам-Оргихын хурдан хээр үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.

Айргийн морины хашаанд Төв аймгийн Бүрэн сумын уяач Чингэрэлийн Амарсанаа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Хээр үрээгээ түрүү жил С.Эрдэнэбат ахынхаа уяанд ирж уяад айрагдаж байсан бол өнөө жил Д.Онон ахынхаа уяан дээр ирж сайхан түрүүллээ. Даага түрүүлж, шүдлэн айрагдаад, хязаалан түрүүллээ. Үнэхээр хурдан аргагүй сайн хүлэг юм гэдгийг маш сайн ойлгож байна даа. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Дамдинсүрэнгийн Ариунаагийн Магнай хээр азарганы төл. Аргагүй сайн адуу юм" гэлээ. 

Хурдан хязаалангийн уралдаанд Улаанбаатар хотын уяач  Батхуягийн Булгадайн үрээ хурдан хээр үрээ аман хүзүүд  хурдаллаа. 

Айргийн морины хашаанд аман хүзүүдсэн морины уяач Б.Булгадай сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Лувсанданзан найзын маань унаган адуу. Баатрын Батсүх найзын нэр дээр мордсон. Өнгөрсөн жил Дарханд шүдлэн түрүүлсэн. Миний төрсөн Хүү Б.Билэгдэмбэрэл маань унаж аман хүзүүдлээ. Идэрхурд галынхаа хамт олонд болон найз нөхөддөө тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэсэн юм. 

Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Улсын алдарт уяач Гүнсэнгийн Ганчулуун хээр үрээ айргийн гуравт хурдаллаа. 

Г.Ганчулуун "Төрийнхөө наадамд унаган хязаалангаа айргийн гуравт хурдлууллаа. Сэтгэл их өндөр байна. Эх нь манай Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхсүрэн ахын гүү, манай унаган азарганы төл байгаа. Даагандаа улсад долоолж байлаа. Тэгээд аймаг сумдын ойн баяр наадамд хоёр гурван удаа түрүүлсэн. Энэ жилийн анхны уяа. Хавар хөнгөлж морь болгосон юм. Сайхан айрагдлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Ц.Амарсанаагийн хээр үрээ хурдаллаа. 

"Өнөөдөр наадам эхлээд хязаалан үрээ маань айргын дөрөвт хурдаллаа. Бор үрээ маань Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Бүтэдийн Батсайхан найзын маань унаган адуу. Хавар Санбэйсд айрагдсан үрээ юм. Миний үрээг Улсын алдарт уяач Адуучын Нямбаатар дүү маань уяж хурдлуулдаг юм. Унаач хүүхэд маань Туулай хочтой хүү бий. 

 

ВИДЕО: