МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурлаар улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасах шийдвэр гаргасан.
Тус шийдвэртэй холбоотой маргаан үргэлжилж байсан бөгөөд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 1024 бөхийн барилдаан эхлэхийн өмнө улсын арслан Р.Пүрэвдагва байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавт хандан, "Дүү нь одоо дахиж барилдахгүй юм чинь энд зодог тайлчихъя. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн Пүрэвдагвыг барилдуулахгүй байгаарай гэсэн юм шиг санагдаж байна. 1024 бөхийн барилдаанд барилдах боломж бөхийн замналд хэд тохиолддог билээ" хэмээн хэлсэн юм.
Үүний дараа Р.Пүрэвдагва Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд зодог, шуудгаа өмсөн гарч ирэн наадамчин олны өмнө уучлал хүсэж, хүндэтгэл үзүүллээ. Ингэснээр улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 1024 бөхийн барилдаанд зодоглохоор болж, нэгийн даваанд залуу бөх Д.Ган-Өлзийтэй оноолт таараад байна.