С.Сүхболд: БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар Хавдрын үндэсний хоёрдугаар төв, "Ногоон хэрэм" төслүүдийг урагшлуулна

С.Сүхболд: БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар Хавдрын үндэсний хоёрдугаар төв, "Ногоон хэрэм" төслүүдийг урагшлуулна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын "Korea JoongAng Daily" сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Ли Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, газрын ховор элемент, нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж онцолжээ.

Мөн Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтаар "Монгол-БНСУ-ын харилцааны алтан үе" хамтарсан тунхаглалыг баталж, стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах ирээдүйн хамтын ажиллагааны замын зураглалыг танилцуулах төлөвтэй байгааг хэлжээ.

Элчин сайд С.Сүхболдын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээний гол сэдэв нь худалдаа, хөрөнгө оруулалт, тэр дундаа газрын ховор элемент, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа байх аж.

Тэрбээр Монгол Улс байгалийн арвин нөөцтэй бол БНСУ дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн туршлагатайг онцолж, хоёр улс хамтран ажилласнаар стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн БНСУ хиймэл оюуны салбарт дэлхийд тэргүүлэх зорилт дэвшүүлсэнтэй холбоотойгоор стратегийн ашигт малтмалын хэрэгцээ нэмэгдэх бөгөөд энэ хүрээнд Монгол Улс нийлүүлэлтийн чухал түнш болж чадна гэдгийг онцолжээ.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй бөгөөд Хавдрын үндэсний хоёрдугаар төв байгуулах төсөл, цөлжилттэй тэмцэх "Ногоон хэрэм" хөтөлбөр зэрэг эрүүл мэнд, байгаль орчны томоохон төслүүдийг мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд урагшлуулах хүлээлттэй байгаа аж.

Эх сурвалж: Korea JoongAng Daily