Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Цэдэнгийн Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.