ОХУ даваа гарагийн /2026.07.06/ өглөө Украины нийслэл Киев болон ойролцоох бүс нутгуудад пуужин, дроноор томоохон хэмжээний цохилт өгсний улмаас 28 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.
Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цаашид хохирогчдын тоо өсөх магадлалтай байгаа юм. Тодруулбал, орон сууцны барилгууд ихээр өртөж, аврагчид нурсан барилгын нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр ОХУ энэ удаад олон арван пуужин, хэдэн зуун дрон харвасан бөгөөд харвасан 23 баллистик пуужингаас нэгийг ч устгаж чадаагүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь АНУ-ын үйлдвэрлэсэн Patriot системийн пуужингийн нөөц эрс багассантай холбоотой аж. Энэхүү довтолгоо нь сүүлийн саруудад Киевт болсон хамгийн хүчтэй довтолгоонуудын нэг болж, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн боломж хязгаарлагдсаныг дахин харууллаа. Энэхүү халдлага Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болсон бөгөөд тус уулзалтаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар агаарын довтолгооноос хамгаалах чадавх, цаашдын цэргийн дэмжлэгийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters