Испани баг ДАШТ-ний түүхэнд нэг ч гоол алдалгүй "хаалгаа хуурай манасан" ганц баг болоод байна

Испани баг ДАШТ-ний түүхэнд нэг ч гоол алдалгүй "хаалгаа хуурай манасан" ганц баг болоод байна

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгаалалтаараа түүхэн амжилт тогтоож, аваргын төлөөх хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгээ дахин харуулсан байна.

Тодруулбал, Испанийн шигшээ шөвгийн 16-д Португалийг 1:0-ээр буулган авч, тэмцээний турш хаалгандаа нэг ч гоол алдалгүй үлдсэн цорын ганц баг болоод байгаа юм. Үүгээр зогсохгүй Испани Дэлхийн аваргын түүхэнд дараалсан зургаан тоглолтод хаалгаа хуурай манасан анхны шигшээ баг болсон байна. Өмнө нь Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн 1990 он болон Швейцарын хөлбөмбөгийн шигшээ багийн 2006-2010 оны хугацаанд эзэмшиж байсан дээд амжилтыг ийнхүү шинэчилжээ. Мөн Испанийн хаалгач Унай Симон ДАШТ-д дараалан 609 минут гоол алдалгүй тоглож, Вальтер Зенгагийн 517 минут, Икер Касильясийн 476 минутын амжилтыг ардаа орхисон байна.

Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте ялалтын дараа "Манай амжилтын үндэс нь эв нэгдэл, сахилга бат, хамтын хамгаалалт. Багийн бүх тоглогч бие биенийхээ төлөө зүтгэж байгаа нь хамгийн том давуу тал" хэмээн онцолжээ.

Испанийн хамгаалалтын төвд Аймерик Лапорт, Пау Кубарси нар найдвартай тоглож байгаа бол хагас хамгаалалтад Родри багийн тоглолтыг удирдан чиглүүлж байна. Испани шөвгийн наймд АНУ эсвэл Бельгийн ялсантай тоглох бөгөөд цааш шалгарвал Францтай таарах магадлалтай байна. Хөлбөмбөгийн шинжээчид Испанийн довтолгооноос илүү хамгаалалтын тогтвортой байдал энэ удаагийн ДАШТ-д тэднийг аваргын төлөө өрсөлдөх хамгийн том давуу тал болж байгааг онцолсон байна.