Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменейтэй салах ёс гүйцэтгэх ёслол нь өндөрлөж, уг арга хэмжээгээ улс төрийн хүчтэй мессеж дамжуулах тайз болгон ашигласан талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Тегеран хотод болсон оршуулгын гол ёслолын үеэр Хаменей болон түүний гэр бүлийн дөрвөн гишүүний авсыг ачсан цуваа 10 гаруй км замыг туулсан бөгөөд олон сая гашуудагчид оролцсон гэж Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үеэр оролцогчид "Америкт үхэл", "Израильд үхэл" гэсэн уриа хашхирч, АНУ, Израилийн эсрэг байр сууриа илэрхийлсэн байна. Англи хэл дээр "Бидний өшөө авалт зайлшгүй", "Тэд төлөөсөө төлнө" гэсэн агуулгатай зурагт хуудас өргөсөн нь гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан оршуулгад оролцсон олны уй гашууг "жинхэнэ" хэмээн тодорхойлж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын "хуурамч нулимс" гэсэн тайлбарыг няцаасан байна.
Мөн ёслолд оролцсон зарим иргэд АНУ-ын эсрэг хатуу мэдэгдэл хийжээ. Тэдний нэг нь "Удахгүй Цагаан ордны дээр өшөө авалтын бэлгэдэл мандана" хэмээн мэдэгдсэн бол Ираны эрх баригчдын ашигладаг мессежийн платформоор дэмжигчдэд "Бидний өшөө авалт зайлшгүй" зэрэг уриа ашиглах зөвлөмж түгээсэн талаар мэдээлжээ.
Харин Ираны албаныхны зарим нь ийм мэдэгдлийн тодорхой хэсгийг улс төрийн шинжтэй гэж үзэж байгаа ч Дээд удирдагчаа алдсаны дараах уур бухимдал бодитой байгааг хүлээн зөвшөөрчээ. Оршуулгын ёслол Тегеранаас цааш үргэлжилж, Шиа шашны хотууд болох Ком, дараа нь Иракийн Нажаф, Кербалад дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдах аж. Харин эцсийн оршуулга Ираны хамгийн ариун хотуудын нэг гэдэг Машхад дахь Имам Резагийн бунханд болохоор төлөвлөгджээ.
Эх сурвалж: BBC